АН одоо хүртэл С.Баярын хавханд байна

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

АН одоо хүртэл С.Баярын хавханд байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Та Сонгуулийн хуулийн аж­лын хэсэгт орсон. Ажлын хэсэг хуулийн төслийг байнгын хороонд оруулахаар боллоо. Яг юун дээрээ тохирч чадсан бэ?

-Холимог хувилбараар сонгуу­лиа явуулья гэдгийг бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмж­чих­сэн шүү дээ. Холимог дотроо нэрсийн жагсаалтаар хэдэн хүн тухайн тойрог дээр хэдэн хүн гаргах гэдгээ яриагүй байгаа. Ямар ч байсан үндсэн зарчмаа бол шийдэж чадсан гэсэн үг.

-Яагаад энэ хоёрхон тоог ший­дэж чадахгүй байгаа юм?

-Намын нэрсийн жагсаалт дээр тойрог дээр хэдэн хүн байх уу гэдгээ эхэлж ярихаар зөвхөн тэр асуудлаа тойрч яриад, сонгуулийн бусад зарч­мууд уягдах магадлал байгаа учраас ажлын хэсэг энэ асуудлыг хойш тавьсан.

-Одоо бусад асуудлаараа са­на­­лаа бэлтгэчихсэн юм чинь хоёр нам хувь тэнцүүлсэн болон мажоритари суудлынхаа тоог тохи­­­­роод л санал хураалгачих юм байгаа биз дээ?

-Суудлын тоог тохирч орж бараг л чадахгүй байх аа даа. Чуулганаар оруулж байж л санал хураалгах бо­лох байх. Их хурал дээр саналаа нээлттэй ярина гэсэн үг.

-Ж.Сүхбаатар гишүүн боло­хоор “Намын удирдлагууд байр сууриа тодорхой хэлэхгүй байгаа учраас бид наана нь чиглэл гаргаж чадахгүй байна” гэсэн. Үнэхээр дээгүүр өөр тоо яваад байна уу, үгүй юу?

-Манай бүлгийн гишүүдийн хувьд бол тийм юм байхгүй. Бүлгийн гишүүн бүр сонгуулийн хууль яаж гарах вэ гэдгийг анхааралтай харж байгаа учраас намын даргын тэг, ингэ гэсэн чиглэлийг хүлээж суухгүй болов уу гэж бодож байна. Гишүүн бүрт өөр өөрийн сонирхол байгаа учраас.

-Гэвч гишүүдийн сонирхол нь жижиг 76 дээр байна уу, том 26, эсвэл 50:26 дээр байна уу?

-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал хураалгаснаар бол гишүүд холимог дээр санал нэг байна. Харин намын нэрийн жагсаалтад хэд байх, тойргууд нь хэд байх гэдэг дээр л өөр өөр сонирхолтой байж магадгүй.

-Бусад асуудлаа эхэлж ярья, сонгуулиа шударга явуулья гэж яриад байх юм. Уг нь энэ асуудлыг чинь 2007 оны Сонгуулийн хуульд нэлээд сайн хийгээд өгчихсөн юм биш үү, дахиж өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

-Холимог тогтолцоог авч байгаа­тай холбогдоод орох өөрчлөлт их байна. Тухайлбал, сонгуулийн сана­­­лын хуудас их олон янз бо­лох нь байна. Тухайн тойрогт нэр дэвшигчийн хуудас, намын жагсаал­тад багтсан хуудас гарах нь байна. Нэр дэвшигчийн байдал өөрчлөгдсөн учраас санал тоолох байдал ч өөрч­лөг­дөнө, зохион байгуулалтын асуу­дал ч мөн яригдана гэсэн үг. 2012 оны сонгуулийг машинаар тоолно гэж байгаа. Тэгэхээр сонгуулийн хэс­гийн ажилд өөрчлөлт орох гээд их олон зүйл гарч ирээд байгаа. Уг нь бол жижиг асуудал биш л дээ. Гэхдээ гишүүд маань тойрог, нэр дэвшигчийн байдал яаж хуваа­ри­лаг­дах нь вэ гэдгийг сонир­хоод, бусад асуудал бол болчихно гэж бодоод байгаа.

-Төрийн ордны өмнө сар шахам үргэлжилсэн жагсаал цуглаан намж­­лаа. Араас нь залгуулаад Э.Бат-Үүлээс нэхдэг асуултууд үргэл­­жилж байх шиг байна. Э.Бат-Үүл хэний талд байгаа юм бэ? Жагсахгүй, цуглахгүйгээр энэ төр барьж байгаа нөхдөд чинь үгээ яаж хүргэх юм бэ гэж?

-Надад нэг л зорилго байна, ардчиллаа л хамгаалья. Ардчилалд хоёр талаас дайралт ирж байна. Нэг талаас төрд байгаа олигархиудын дайралт. Хэдийгээр тэд ил тод  дайрахгүй ч гэсэн ардчилсан төрийн ёс журмыг маш ихээр алдагдуулж байна. Ордончуудын чимээгүй дав­­­шилт, нөгөө талаас миний “большевикууд” гэж нэрлээд байгаа Их хуралдайчдын дайралт. Ийм хоёр зүйл ардчиллын ирээдүйг их эрсдэлтэй болгож байна. Миний ганц зарчим бол ардчиллаа л хамгаалах ёстой. Тиймээс би хоёр фронтоор тэмцэж байна. Нэг талд олигархиудтай, нөгөө талд большевикуудтай. Гэхдээ өнгөрсөн үйл явдал дээр би нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Хөөрхий тэр большевикуудыг толгойлж бай­­гаа улс нь бас олигархиуд. Үнэндээ Монголын олигархиуд хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь ордонд, нөгөө хэсэг нь гудамжинд. Тэгээд гудамжинд байгаа хэсэг нь большевик үзэл санааг сэргээгээд, өөрсдийнхөө гар хөл болгоод л. Яг үнэндээ Монголын олигархиуд хоёр хуваагдчихаад байна. Тэгээд аль аль нь ардчиллыг маш их эрсдэлтэй байдалд оруулж байна.

-Жагсаал цуглаан ид хүчээ авч байх үед та тэднийг буруушаасан маш олон нийтлэл бичсэн. Тэр нь хүмүүст нөлөөллөө үзүүлсэн болов уу? Ер нь энэ цуглаан яагаад хүрээгээ тэлж чадсангүй вэ?

-Миний нийтлэлээс болж жаг­саал намжина гэж байхгүй л дээ.

-Гэхдээ хөндлөнгөөс ажиглаж байгаа хүмүүст бол бас их сэт­гэг­­дэл төрүүлсэн байх л даа. Бол­гоомж­лол ч юм уу?

-Одоо бол Монголд 1990 оных шиг жагсаал цуглаан болохгүй. Хавар болонгуут хүмүүс чинь жаг­­­­­саал цуглаанд явахаасаа илүү ажил бизнесээ тордох, амьдралаа авч явахын төлөө ажиллаж хөдөл­мөрлөж байна шүү дээ. Хавар болон­гуут эдийн засгийн бүх салбар сэргэж, ногоогоо тарьж, малаа тор­дож, үйлчилгээний бизнес ч гэсэн өргөжөөд эхэлж байна. Машинтай хүмүүсийн ч гэсэн халтуурынх нь орлого нэмэгдээд, Монголын эдийн засгийн амьдрал сэргэдэг үе нь хавар. Ийм үед цуглаан хийнэ гэдэг үнэндээ бүтэшгүй зүйл. Тиймээс хүмүүсийг цуглуулж чадаагүй энэ байдал нь цуглааныг дэмжээгүйгээс болсон гэж би үзэхгүй байна. Зүгээр хүмүүс өдөр тутмынхаа ажил амьд­ралд хөтлөгдөөд ийм үйл явдалд оролцох идэвхи нь суларсан байна. 1990 онд бол өөр байлаа, бизнестэй хүн гэж тэр үед байсангүй. Өнөөдөр байдал өөр болсон.

Цуглаан саарсан бас нэг шалт­гаан нь энэ хувьсгалыг удирдаж байгаа нөхдүүдээс болоод хүмүүс их зайгаа барьсан. “Хувьсгалт” гэдэг үгийг би хашилтанд хэлж байгаа юм шүү. Жишээ нь, Н.Энхбаяр их увайгүй байлаа л даа. Өөрөө Ерөнхийлөгч байхдаа Үндсэн хуу­лийг хүн бүр сахин мөрдөх ёстой гэж байнга ярьдаг байсан мөртлөө сонгуульд ялагдсаныхаа дараа “Үндсэн хууль ямар хамаатай юм” гэх жишээтэй. Ийм хоёр нүүр гаргаад ирэхээр цуглааны зорилго хүмүүст их ойлгомжтой болоод ирж байгаа юм. Н.Энхбаяр хэн байсныг, одоо хэн болчихоод байгааг бүгд л харж байгаа шүү дээ. Нөгөө хуваагдсан олигархиудын нэг хэсэг нь очоод цуглааныг удирдаж, өөрийнхөө улс төрийн ашиг сонирхолд ашиглах гэж оролдсон явдал бас олон хүнийг түлхсэн байх. Өөрөөр хэлбэл, сая гудамжнаас хийх гэж оролдсон хувьс­гал удирдагчдаа зөв сонгож чадсангүй. Тэр нь энэ улс төрийн арга хэмжээнд маш их сөрөг үр дагавар үзүүллээ л дээ.

Гуравдугаарт, би тэр “больше­ви­кууд” гэдэг үгийг санам­саргүй хэлээгүй. Их хуралдайчид, “Гал үндэстэн” холбооныхны зү­гээс явуулж байгаа тэмцлийг үзэл санаа­ных нь үүднээс аваад үзвэл үнэндээ большевик, нацист маягийн үзэл санаанууд л явлаа шүү дээ. Төрийн эрх мэдлийг хүчээр авья, өмч хөрөн­гийг хураая, нийгэмчилье гэх мэтчилэнгийн эрүүл бус, хий­тэй ярианууд их явсан. Ийм хүчир­хийл­лийн өнгө аястай уриа лоозонг манайхан дэмжихгүй. Хүн бүхэн эцсийн эцэст амгалан тайван байд­­лаа л бодно. Тэр тусмаа өмч хөрөнгө рүү нь халдана, хураана, ерэн оны өмч хувьчлалыг буцааж, бүх өмчийг хурааж аваад эргэж социализм руугаа орох маягийн юм ярихаар чинь үзэл санааны хувьд хүлээж авах боломжгүй шүү дээ. Ийм л гурван үндэс шалтгаан цуглааныг амжилтанд хүргэсэнгүй гэж би бодож байна. Миний бичсэн зүйл тэгж цуглааныг зогсоотлоо, санаа бодлыг эргүүлтлээ нөлөөлж чадахгүй шүү дээ.

-Тэгвэл юунд зориулж бичсэн юм бэ, тэр тусмаа тийм их шүүмж­лэл сонсон байж?

-Энэ үйл явдал нөгөө талаасаа надад их ашигтай байдлыг би бол­го­сон. Өнгөрсөн 20 жилд энэ большевик, коммунистуудын гайг хэлэх боломж надад олдоогүй юм. Коммунистууд ийм аюултай, большевикууд тийм аюултай гэж хэлэхэд нийгэм сонсох ч үгүй байлаа. Сая бол хэдийгээр талбай дүүрэн хүн цуглаагүй ч гэсэн энэ үйл явдал хүмүүсийг сэрээчихлээ шүү дээ. Анхаарлыг нь татчихлаа. Хүмүүсийн энэ сэрсэн байдал дээр нь дөрөөлөөд большевизм, коммунизмын аюулыг нэлээн өргөн хүрээнд хэлэх бололцоо олгосон. Би энэ бололцоог ашиглах гэж ёстой өөрийнхөө хэр хэмжээгээр л ажилласан. Нэг талаараа надад их завшаантай хэрэг болсон гэж болно.

-УИХ, Засгийн газар, эрх барьж байгаа намууд маань бас ард нь “Н.Энхбаяр, М.Энхсайхан байгаа учраас” гээд үл тоосон, өширхсөн ч гэхээр байдал гаргачихав уу гэж харсан. Өмнө нь бол өргөх бичиг барихад л гүйж очоод авдаг байсан шүү дээ?

-Саяын улс төрийн тэмцэлд эрх барьж байгаа намууд, УИХ, Засгийн газраас ямар нэгэн реакци үзүүлээгүй шүү дээ. Яг үнэндээ нэг их тоогоо ч үгүй. Хамгийн их тоосон хүн нь би болж байна. Тэр битгий хэл зарим нэг УИХ-ын гишүүд намайг “Юундаа ингэж сүржигнээд байгаа юм бэ, одоо тэр жагсаал цуглаанд чинь хэн очих юм. Хүн ард чинь бизнесээ, амьдралаа бодож байна. Харин чи өөрөө үүнийг өөгшүүлж, догиогоод байгаа юм биш үү” гэдэг хандлага маш их гарч байсан. Тэгэхэд нь би “Яах вэ, хүмүүс их идэвхи гаргаж цуглаагүй байж магадгүй. Гэхдээ хүчирхийллийн үзэл санаа нийгэмд их газар авсан байгааг та нар миний бичсэн зүйл дор өгсөн сэтгэгдлүүдээс хараарай. Энэ цуглаан дээр ирсэн хүмүүс, Их хуралдайчдын ярьж хэлж байгаа зүйлээс сонсоорой. Нэлээд нуугдмал хэлбэртэйгээр хүчир­­хийллийн үзэл санаа газар авсан байна шүү” гэдгийг хэлж байсан. Нээрээ ч тэр интернэтийн сэтгэгдлийг хараад, талбай дээр ярьж хэлж байгаа зүйлийг сонсоод намайг няцаах аргагүй болсон л доо. Ер нь хүчирхийллийн үзэл санааг чөлөөтэй, задгай ярилаа шүү дээ. Бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Талбай дээр цуглаагүй гэдэг нь нийгэм амгалан тайван байгаа гэсэн үг биш. Хүчирхийллийн үзэл санаа далд хэлбэрээр маш их газар авсан байна.

-Түүнээс гадна бухимдал маш их байна. Энэ ч гэсэн шалтгаантай байж таарна?

-Бухимдал маш их байна. Энэ бүхимдлын шалтгааныг зөв байд­лаар гаргаж, тэмцлийнхээ менеж­­мэнтийг зөв хийсэн бол бас ч үр дүнд хүрэхийг үгүйсгэх аргагүй. Жагсаал цуглаан зохион байгуулна гэдэг чинь сонгуулийн кампани зохион байгуулахтай яг адил. Тавьж байгаа шаардлага нь их бодитой, хүлээж авахуйц байх хэрэгтэй. Хамгийн гол нь олон түмнийг хүчирхийлэлд уриалах юм бол хүмүүс очихгүй. Төрийн эрхийг булааж авна, ална хядна гэвэл зорилгыг нь ойлгож байсан ч очихгүй. Бүр дэмжиж ч байсан очихгүй. Яг үнэндээ дол­дугаар сарын 1-ний хэрэг явдал хүмүүсийг маш ихээр цочоож, жигшээсэн. Тийм биз дээ. Тэр тусмаа тэр хүчирхийлэл рүү уриалж байгаа хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн байдаг. Ерөнхийлөгч байсан хүн нь Төрийн ордноо эргүүлж авья гээд уриалж байна. Монгол Улсад ганцхан Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх хувь заяатай биш биз дээ, энэ чинь ардчилсан улс орон. Түүний оронд олигархийн төр бидний амьдралаас маш их зүйл хулгайлж байна гэдгийг баримтаар хэлээд, ”Энэ их баялгийг ард түмний сайн сайхны төлөө зориулья, орон сууцтай, ажил орлоготой больё. Энэ ажлын Засгийн газар хийхгүй байгаа учраас Засгийн газрыг огцруулья, УИХ-ыг тараая” гэж яривал хүмүүс хүлээж авна. Засгийн газрыг огцруулах гэдэг чинь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн акци. УИХ-ыг тараах тухай Үндсэн хуу­линд бий. Талбай дүүрэн хүн цуглаад “УИХ тар, дахин сонгууль явуулья” гэвэл энэ чинь Үндсэн хуулийн шаардлага, ямар ч асуудал байхгүй.

-Э.Бат-Үүл гудамжинд байхдаа ард түмэнд хайртай байсан, ордонд ороод суухаараа олигархиуддаа хайр­тай болжээ гэж нэг нь бичсэн байсан?

-Хүний хэлж ярьсан, бичсэн зүйлийг ойлгож уншиж чадахгүй бай­гааг л би гайхаад байгаа юм. Би тов тодорхой хэлсэн, олигархиудтай тэмцье гэж. Тэгж ярих юм бол өнөөдрийн энэ Их хуралдайчдаас өмнө хэлсэн. Ард түмэнд уриалж, телевиз радиогоор зөндөө ярьсан.

-Олигархи гэдэг үгийг та эхэлж хэлээд, төрийг олигархиас цэвэрлэе гэсэн биш үү?

-Тийм. Гэхдээ олигархиудтай тэмцэх гэж байгаа нь энэ гээд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг булааж авна гэвэл би эвлэрэхгүй. Манайд олигархийн төр бий болсон нь үнэн. Гэхдээ нийгмийн ардчилал, нээлттэй бай­дал хэвээрээ, алдагдаагүй байна. Өнөөдөр бид санаа бодлоо чөлөөтэй л хэлж байна, жагсаал цуглааны эрх бүгдэд нээлттэй байна. Жагсч, цуглаж ирээд Засгийн газар огцор, УИХ тар гэхэд хэн ч улс төрийн гэмт хэрэгтэн болохгүй.

Өөрөөр хэлбэл, нийгмийн ардчилал хэвээрээ байгаа байхгүй юу. Тайван замаар олигархиудтай тэмцэх бололцоо байна гэж би хэлээд байна. Гудамжинд гарахаар л “Энэ төр засаг нэг л биш ээ” гэж хүн болгон ярьж байна, маш их ярьж байна. Би үүнийг 2012 оны сонгуулиар ард түмэн өнөөдрийн төр засгийг өөрчлөх юм байна, гарцаагүй тийм байдалд орох нь л гэж харж байна. Манай ард түмэн өөрчилье л гэвэл өөрчилдөг ард түмэн. Яаж ч гуйгаад, хичнээн ч их мөнгө цацаад нэмэргүй. Үүнийг бид өнгөрсөн 20 жилд харлаа. Магадгүй 2012 онд өнөөдрийн Их хуралдайчдаас, улстөр хийж чадсан тэр хүмүүсээс олонхи нь гараад ирэх байх. Ер нь зарим нь үүнийг тооцож ч энэ арга хэмжээг зохион байгуулсан, 2012 оны сонгуульд орох бэлтгэл ажлаа хийсэн байх. Би бол буруушаахгүй, зөв. Ямар зүгээр суултай биш. Нэн ялангуяа одоо гарах гэж байгаа Сонгуулийн шинэ хууль бол тэр бололцоог маш ихээр олгож байгаа.

-Яаж?

-Намын нэрээр багцлаад л жагсаад ороод ирнэ шүү дээ. УИХ, Засгийн газрын гадна байгаа энэ хүчнүүд бүгд нийлж нэгдээд, нэг том эвсэл болоод жагсаалт гар­гавал бүгдийг нь хүмүүс танина. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Г.Уянгаа, Б.Жаргалсайхан гээд жагсаахад маш олон хүний санал татна. Энэ сонгуулийн хууль бол гудамжинд тэмцэж байгаа тэр хүмүүс парламентад ороод ирээч ээ л гэдэг хууль юм. Ерөөсөө 2012 оны сонгуулиар гудамжинд нам үлдмээргүй байна. Цаашдаа улс төрөө ярьдаг газраа л ярья. Нэг хэсэг нь гудамжинд үлдчихээд хүмүүсийн ядуу зүдүү байдлаар тоглоод, хувийн улс төрөө хийх гэж аргаа бараад байх шаардлагагүй. Н.Энхбаяр Төрийн ордноо эргүүлж авья гэж байгаа бол сонгуульд ороод л ав л даа. Орж ирсэн хойноо тэр хийх гээд байгаа өөрчлөлтөө хийх хэрэгтэй. Би бол саяын жагсаалаар олон улстөрчид сонгуулийнхаа бэлтгэлийг хийчихлээ гэж харсан. Бидний яриад байгаа ардчиллын гол утга учир нь засгийн эрхийг хүчээр булааж авах биш, ард түмнийхээ сонголтоор авдаг тийм л тогтолцоо.

-Н.Энхбаярыг Монголын улс төрөөс холхон байлгах хэрэгтэй гэж илэн далангүй ярьдаг цөөн хүний нэг нь та. Тэ­гээд Н.Энхбаяр парламентад орж ирээд, тэгэхдээ цөөнгүй хүн дагуулаад ороод ирвэл эргээд л бужигнуулах юм биш үү?

-Н.Энхбаярыг улс төрөөс хол байлгах юмсан гэдэг бол миний хувийн бодол. Н.Энхбаяр улстөрд байх уу, үгүй юу гэдгийг Н.Энхбаяр өөрөө болоод ард иргэд шийднэ. Бид чинь ардчилсан улс шүү дээ. Би бол “Н.Энхбаяр орж ирэх нь ямар гайтай юм“ гэж бодохоос хэтрэхгүй, ард түмэн сонгочихсон юм чинь яах юм. Харин Н.Энхбаярыг сонгуулж болохгүй шүү гэдэг хууль гаргаад явбал би өөрөө ардчиллаас урвасан хэрэг болно. Би бол хэзээд ардчилалд үнэнч хүн. Н.Энхбаяр улс төрд байх уу, үгүй юу гэдгийг ард иргэд шийднэ. Гэхдээ хэрвээ надаас ингэж асуувал би “байх ёсгүй” л гэж хэлнэ. Яагаад гэвэл Н.Энхбаяр өөрөө л эрх мэдэлгүй байвал бусдын хувь заяаг юман чинээ тоодоггүй хүн. Ийм хүн улс үндэстэнд маш их гай чирдэг.

-Эрх мэдлээс холдоод их ганцаардсан байх л даа. С.Баяр даргын хэлснээр бол нам нь түүнийг НҮБ-д нарийн бичгийн дар­гаар явуулж “цөлөх” тухай л санал бол­госон юм билээ шүү дээ. Түүнийг нь мань хүн улс төрөөс холдуулах гэлээ гэж голсон…

-Н.Энхбаяр ганцаардсан уу, нөхөд нь түүнд яаж хандсан гэдэг бол ёстой тэдний хоорондох яриа. Тэр талаар надад хэлэх ч үг алга, оролцох ч шаардлага алга. Би зүгээр л хувь хүнийхээ хувьд энэ ард түмнийхээ хувь заяанд ямар муухай хүйтэн сэтгэлээр ханддаг юм бэ, ямар муухай хоноцын сэтгэлтэй хүн бэ, аавын маань хэлснээр яасан холын шуналтай хүн бэ л гэж харсан.

-С.Эрдэнэ гуай яагаад тэгж хэлсэн юм бол, тэр үед Н.Энхбаяр юу хийж байсан юм бэ?

-Мэдэхгүй ээ, их олон жилийн өмнө хэлсэн үг болохоор би мэдэхгүй шүү дээ. Би бол аавынхаа тэр үгийг иш татах дур­гүй. Яг үнэнийг хэлэхэд Н.Энхбаярын улс тө­рийн намтрыг хараад байхаар манай аавын хэлсэн үг их зөв байжээ л гэж бодсон. Бодоод үз л дээ. Энэ хорвоо ертөнцийн хаана нь төрийн тэргүүн байсан хүн нь өөрөө төрийн эргэлт хийнэ гээд явж байна, ямар ардчилсан улс оронд. Буш Америкийн гудам­жинд жагсаал хийгээд явж байна уу, төрийн эрхийг авна гээд. Германы канцлер байсан Шрейдер “Мерклийг унагаая, Төрийн ордноо эргүүлж авья” гээд явж байна уу. Ардчилсан ёс, соёл гэдэг чинь тэр. Сонгуульд ялагдлаа, уучлаарай гээд л явж байгаа биз дээ. Тэгэхгүй нийгмээ бужигнуулаад, хүчирхийлэл рүү турхираад яваад байдаг. Монголд чинь Н.Энхбаяраас өмнө бид бас Ерөнхийлөгчтэй л байлаа шүү дээ.

-Та тэгвэл өөрөө олигархиудыг тө­рөөс зайлуулья гэж ярьсны хувьд юу хийх юм бэ?

-Олигархийг цэвэрлэх асуудлыг их зөв ярих ёстой. Нэг олигархийг нөгөө олигархиар солих тухай ярьж болохгүй. Олигархиас салахын тулд олигархийг төрүүлж байгаа тогтолцоог нь өөрчлөх ёстой. Энэ тогтолцоог л өөрчилж чадахгүй бол олигархи төрөөд л байна. Большевикууд ч эрх мэдэлтэй болбол олигархи л болно. Тийм учраас тогтолцоог нь өөрчлөх ёстой. Юуны өмнө төрд эдийн засгийн асар их эрх мэдэл оччихлоо. Монголын хамгийн баян компани Монголын төр болж байна. Хамгийн том бизнес хийдэг, хамгийн том эрх мэдэлтэй компани болж хувирсан. Энэ төрийн мэдэлд байгаа хөрөнгийг хар л даа. “Эрдэнэт” үйлдвэр, саалийн үнээ болсон бүх том үйлдвэрүүд, уул уурхайн бүх том ордууд төрийн мэдэлд байна. Асар их хэмжээний тендерийн санхүүжилт, бараа худалдан авах мөнгө төрийн мэдэлд байна. Монголын топ компаниудыг төртэй жишээд харах юм бол ажилчин шоргоолжнууд. Тийм учраас энэ баян компанийн ТУЗ-д орох гээд бүгд уралдаж байна шүү дээ. Гаднах нь ч давхиж байна, доторх нь ч давхиж байна. 1990 онд Монголын төр ядуу байсан. Тэгэхэд төрд ажиллах хүн олддоггүй, бүгд зугтдаг байсан. Яагаад гэвэл төр ядуу байсан. Одоо төр лүү авирахгүй хүн алга. Баян нь ч авирч байна, ядуу нь ч авирч байна, чаддаг нь ч авирч байна, чадахгүй нь ч авирч байна. Төр гэдэг Монголдоо супер том баян компани болсон. УИХ гэдэг чинь тэр компанийн ТУЗ шүү дээ, Засгийн газар гүйцэтгэх захирал нь. Тийм учраас төрийн өмчийн компаниудыг ард түмний мэдэлд өгөх хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэр, төрийн өмчит компаниудыг, ашиглалт хийхэд бэлэн болсон орд газруудын хувьцааг ч иргэддээ өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь нийтийн хувьцаат компанийн тухай хуулиа маш сайн нарийвчилж, менежментийг нь маш сайн хийж өгөх ёстой.

-Урьд нь ч гэсэн тийм зүйл хийж байсан шүү дээ. Их, бага хувьчлал гээд?

-Тэгэхдээ менежмент, үйл ажил­ла­гааных нь журам дүрмийг сайн хийж өгч чадаагүй, зөнд нь хаясан учраас илүү мэ­дээлэл сайтай цөөн хүний ашиг завшаан болоод л өнгөрсөн шүү дээ.

-Хоосон хүмүүст тийм их хувьцаа, өмч хөрөнгө өгөөд нэмэр болох уу?

-Яг ийм арга хэмжээг Маргарет Тетчэр 1980-аад онд авч хэрэгжүүлсэн юм. Улсын том компаниудыг хувьцаат компани болгоод, хувьцааг нь ард иргэддээ өгсөн. Хамгийн гол нь хувьцаат компанийнхаа хуулийг маш сайн гаргаж өгсөн. Бид ОНРТВ-ийн тухай хуулийг гаргасан биз дээ, тэр чинь ч гэсэн бас л аж ахуйн нэгж. Алдсан, оносон ч юм байгаа. Түүн шиг Тавантолгойн хуулийг гаргах хэрэгтэй, хувьцааг нь ард иргэддээ өгөх хэрэгтэй. Төрийн нэрээр явуулдаг тендерийн ажлуудыг маш сайн цэгцэлж, улстөрчдийн лобби орох боломжгүй болгох хэрэгтэй. Энэ мэтчилэнгээр төрийн эдийн засгийн эрх мэдлийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах хэрэгтэй.

-Түүний төлөө тэгээд хэн юу хийж байна. Жишээлбэл, УИХ дээр?

-Х.Тэмүүжин гишүүн жишээ нь хууль санаачлаад явж байна. Ерөнхий сайд С.Батболдын надад хэлээд, гацаагаад байгаа бас нэг зүйл бий. Би бол Тавантолгойг хувьцаат компани болгоод хувьцааг нь иргэддээ өг өө гэсэн. Бид хоёр телевизээр ил мэтгэлцсэн л дээ, нэлээн ч ширүүн өрсөлдсөн. Тэгэхэд Ерөнхий сайд С.Батболд нэг үнэн үг хэлсэн. “Би үнэ цэнэтэй хувьцаа өгмөөр байна, зүгээр нэг хувьцаа тараачихвал ямар ч үнэ цэнэгүй зүйл болно. Тэгээд С.Батболд хулхидлаа гэнэ, би тэгж үеийн үед муу нэр дуулмааргүй байна” гэсэн. Дэлхийд нэр хүндтэй оператор компаниудыг хувь эзэмшигч болгоод оруулчих юм бол ард түмэнд очиж байгаа хувьцаа ч гэсэн тэдний хувьцаатай адил үнэ цэнэтэй, хөрвөх чадвартай болно. Хувьцааг тэгж өгмөөр байна шүү дээ гээд байгаа юм. Нээрээ ч зүгээр тараачих юм бол нөгөө цэнхэр, ягаан тасалбар шиг юм болно. Тэгээд зарим нь шил архи, шуудай гурилаар өгчихөөд, сүүлдээ “Яах гэж биднийг хуурсан юм” гэдэг байдал үүсч болзошгүй. Бид нэг тийм туршлага авсан шүү дээ.

-Тийм учраас л хоосон хүнд хувь­цаа өгөөд ч яах юм, компаниудаа дэм­­жээд өгчихвөл илүү үр ашигтай, хариуцлагатай ажиллана гэцгээдэг?

-Англид бол жишээ нь иргэддээ өгсөн. Гэхдээ зүгээр өгөөгүй, хэн ч худалдаад авч болох тийм бага үнээр өгсөн. Хүн ямар нэг зүйлийг “Би мөнгөө төлж авсан шүү” гэдэг ухамсар байх ёстой. Үнэ цэнэтэй зүйл өгөхөд ихэнх хүн үнэ цэнэтэй л болгодог. Түүн дотор шил архи, шуудай гурил болгох хүн бий. Тэднийг чинь би тэгээд яах юм. Үсрээд л “Битгий тэгээрэй, Тавантолгойн хувьцаа маш үнэтэй шүү” гэдгийг хэлж л чадна шүү дээ. Шил архиар өгчихлөө гэж шоронд хийх үү. Тийм учраас би С.Батболдын тэр үгийг анхаарах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тавантолгойн ордын гүйцэтгэгчээр BHP,  P Body ч юм уу дэлхийд алдартай компани орж ирвэл бидний гарт байгаа хувьцаа хөрвөх чадвартай болно. Яагаад ард түмэнд өгье, төрд байлгахгүй гээд байна гэвэл энэ их үр ашигтай ордыг төрд байлгаснаар төр үүнийг “Эрдэнэт” шиг саалийн үнээ л болгоно. “Эрдэнэт” төсөвт татвараа өгч байна л даа, түүгээр нь хүүхдийн мөнгө энэ тэр өгч байна. Гэхдээ ард иргэд шууд хүртэж байгаа ашиг байхгүй байна шүү дээ.

-Төрийн мэдлийн 50 хувийг 2,7 сая хүндээ хуваагаад өгчихлөө гэж бо­дъё. Тэгвэл хэн шийдвэр гаргах вэ? Ком­панийн дүрмээр бол хувьцааны давуу байдлаараа шийдвэр гаргаад явдаг биз дээ?

-Америкийн “Женерал Моторс” ком­панийн хувьцааг 2,5 сая гаруй хүн эзэмш­дэг. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь стадионд болдог. Гэхдээ 2,5 сая хүнийг нэг дор цуглуулж чадахгүй шүү дээ. Тиймээс хувьцаа эзэмшигчид нь төлөөллөө сонгоод явуулдаг, арай олон хувьцаатай нь арай хариуцлагатай байдаг гэдэг утгаараа. 2,7 сая хүн хувьцаа эзэмшинэ гэж хаашаа харсан юм гэж зарим нь тэнэгтээд байгаа. Уучлаарай, энэ чинь боломжтой зүйл байхгүй юу. Баруунд байгаа олон том компанийн хувьцаа эзэмшигчид хоёр сая, 10 сая, 40 саяар яригддаг. Хамгийн гол нь менежментийг нь маш сайн хийж өгөх хэрэгтэй. Хувьцаат компанийн ерөнхийлөгчийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгууль шиг болно шүү дээ. Хамгийн гол нь хувьцаа эзэмшигчид өөрсдөө мөнгө ярьж байгаа учраас маш ухамсартай байдаг.

С.Батболд хоёр хувилбар яриад байгаа. Нэгдүгээрт, дэлхийд нэр хүндтэй топ компаниудыг оператороор оруулж ирье. Эсвэл тэр компаниудад хувьцааны тодорхой хувийг өгье гэж. Тэгвэл манай иргэдийн гар дээр байгаа хувьцаа тэр компаниудынхтай адил үнэ цэнэтэй болно. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулагч нар “Бид 51 хувиас доош байлгамааргүй л байна” гэдэг. Яагаад гэвэл тэд хүний нутагт ирээд бизнес хийж байгаа учраас эрсдлээс маш их болгоомжилж байна. Монгол шиг тогтворгүй араншинтай газар бүр их болгоомжилж байна. Баахан хөрөнгөө оруулаад ирсэн чинь гэв гэнэт хуулиа хүчингүй болгочихвол яах юм. Тэгвэл Америкийн ард түмэн нөгөө компанийн нөхдүүдийг сүйд хийнэ биз дээ, ”Та нар миний мөнгийг Монголд аваачаад булчихдаг нь яаж байгаа юм” гээд. Иймэрхүү бизнесийн төвөгтэй яриа хэлцэл явж байна. Ер нь ямар ч бизнесийн хэлцэл төвөгтэй. “Нарантуул” дээр явж байгаа хоёр худалдаачны хэлцэл басл хэцүү хэлцэл болно шүү дээ. Тэгэхээр Тавантолгой шиг ордын хэлцэл мөн ч хэцүү явагдана даа.

-Саяхан Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Танай бүлэг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Үндэслэлээ зөв тавьсангүй юу, эсвэл хамтарсан Засгийн газар гэдэг тийм халдашгүй зүйл болчихов уу?

-Би хувьдаа огцруулах үндэслэлээ зөв гаргаж чадсангүй гэж бодсон. Яг үнэндээ Д.Зоригт сайд байтугай Засгийн газрыг огцруулах асуудал тавигдахаар маш том зөрчил гарчихаад байгаа шүү дээ. Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн орд газарт ашиглалт явуулж байгаа компанийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргана” гэж байгаа. Оюутолгойг ашиглаж байгаа “Оюутолгой” ХК-ийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах ёстой, хуулиараа. Үүнийг бид хатуу шаардах ёстой. Яагаад гэвэл “Рио Тинто” Оюутолгой дээр орж ирж хөрөнгө оруулалтын гэрээ хийхээс өмнө энэ заалт хуулинд байсан, ямар ч хулхи юм байхгүй. Тэд хуулийг маш сайн судалж орж ирсэн, бүгд мэдэж байгаа. Тийм учраас бид хөрөнгө оруулагчдаас үүнийг шаардах ёстой. Энэ бол Д.Зоригтыг огцруулах хангалттай үндэслэл. Энэ хуулийн заалт маш их утга учиртай. Хэрвээ Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааных нь 10 хувь гарсан бол “Оюутолгой” ХК-ийн үйл ажиллагааны мэдээлэл өдөр тутам хөрөнгийн бирж дээр ил гарч байна. Өнөөдөр хувьцааны үнэ ийм байна, бизнес төлөвлөгөө нь ийм, баланс нь тийм байна гээд өдөр тутам олон нийтэд ил байхгүй юу. Хувьцаат компанийн тухай хуулиараа ийм. Одоо бол бид энэ мэдээллийг гаднаас л авч байгаа шүү дээ. Хоёрдугаарт манай компаниуд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулах чадвартай болчихсон. Тэд энэ хувьцаанаас авах эрхтэй болно. Манай компаниуд Нью-Йорк, Хонконгийн бирж дээрээс хувьцаа авч чадахгүй, бүртгэлгүй учраас. Тэгвэл эндээсээ авья л даа. Гуравдугаарт, Монголын хөрөнгийн бирж Азийн том биржүүдтэй өрсөлдөхүйц чадвартай болно. Энэ том стратегийн ордуудын хувьцаа борлогддог бирж гээд бодоод үз л дээ. 10 хувийг үнэлээд тоолох юм бол маш том хувьцаа шүү.

-Тэгээд та энэ үндэслэлээ яагаад гар­гаж тавиагүй юм?

-Би энэ асуудлыг УИХ дээр тавина, шалгаж өгөөч ээ гэж. УИХ-ын даргын захирамж гарч байж шалгах ёстой. Тэгээд хэрвээ ямар нэг ноцтой үндэслэлгүйгээр хуулийг хэрэгжүүлээгүй байвал Д.Зоригт сайд байтугай Засгийн газар огцрох үндэслэл болно. Би асуудалд илүү буурьтай хандахыг хүсч байна. Тэгэхээр шалгалтын дүнг эхлээд сонсьё. Магадгүй ямар нэг давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, эсвэл Лондонгийн хөрөнгийн биржийнхэн орж ирэхийг хүлээсэн байж магадгүй. Тэрийг нь эхлээд сонсьё. Гэхдээ энэ бол зайлшгүй хэрэгжүүлэх ёстой хууль шүү.

-Тар ер нь Засгийн газрыг ирэх сон­гууль хүртэл ажиллана гэж бодож байна уу? Эсвэл ажиллуулах шаардлагатай гэж бодож байна уу?

-Би одоо намынхаа ҮЗХ-нд асуудал тавина. Засгийн газарт хамтран ажиллах тухай ҮЗХ-ны 2008 оны шийдвэрийг хүчин­гүй болгооч ээ гэж. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гарья гэж байгаа юм. Бид стратегийн том ордуудаа эргэлтэд оруулах, тогтвортой байдлын гэрээг хийх үүднээс хамтарсан. Түүндээ баригдаад суугаад байсан чинь тэр ажил нь явж өгөхгүй байна. Бидний тавьсан зорилт, тэр тохироллцоо хэрэгжихгүй байгаа учраас хамтарсан асуудлаа эргэж харья гэж байгаа юм.

-Энэ асуудлаар танай намын ҮЗХ нэг удаа хуралдаад, хамтарсан Засгийн газ­рыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийд­сэн шүү дээ?

-ҮЗХ-ны гишүүд хэзээ ч, ямар ч асууд­лаар санал тавих хэрэгтэй. Үндэслэлээ л зөв гаргаж чадвал.

-Ер нь сонгуулийн өмнө Засгийн га­зар, эсвэл танай нам юу хийж чадах вэ?

-Хамгийн гол нь Засгийн газарт хамтар­даг энэ байдлыг л болиулах ёстой. Нэгэнт ард түмэн олонхи болгосон юм бол олонхи нь хийдэг ажлаа хийдэг больё, цөөнх нь тавих ёстой хяналтаа тавья. Парламентын засаглалын амин сүнс нь энэ. Ард түмэн 2008 оны сонгуулиар МАХН-д “та нар олонхи бол, засаглаад яв” гээд саналаа өгсөн юм байгаа биз дээ. Түүгээрээ яваагүйгээс өнөөдөр жишээ нь энэ дөрвөн жи­лийн бодлогыг хэн хариуцах юм бэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо. МАН хариу­цах уу, Ардчилсан нам хариуцах уу? Ийм тодорхойгүй байдалд бид яаж сонгууль хийх юм бэ. Сонгууль гэдэг чинь хэнд ха­риуц­лагыг өгөх үү, хэнд хяналтыг өгөх үү гэд­гийг л сонгодог зүйл шүү дээ. 

-Гурван жилийн өмнө хамтарсан Зас­гийн газар байгуулагдсаны дараа би танаас асууж байсан. “С.Баяр амжилттай тоглолоо, та ялагдлаа. Найздаа баяр хүр­гэх юм биш үү?” гэж. Тэгэхэд та “ялагдсан хойноо баяр хүргэнэ дээ” гэсэн. Одоо С.Баяр таныг ялсан юм шиг харагдаж бай­на. Ардчилсан намыг ийм байдалд оруул­сан, өөрөө албан тушаалаа өгөөд ха­риуцлагаас мултарчихсан?

-С.Баярын улс төрийн бодлого үнэндээ их адармаатай, би түүний улс төрийн бод­логыг хүлээн зөвшөөрдөггүй. С.Баяр болон манай хэсэг нөхдүүд хуйвалдаад ги­шүүдийг тангараг өргүүлэхгүй сууж байхад Батж.Бат­баяр бид хоёр хоёулхнаа орж ирээд чуул­ган дээр эсэргүүцсэн. “Гишүүдийн тангараг өргөх эсэхээр барьцаалаад Засгийн газар хамтрах тухай та нар яриад байна шүү дээ. Яаж болдог юм бэ” гэж цөхрөнгөө ба­­раад хашгирч байсан. Үнэндээ МАХН-ын гишүүдийг “Хамтарч Засгийн газар бай­гуулахгүй бол Ардчилсан намынхан тан­­га­раг өргөхгүй гээд байна аа” гэж л шахсан байхгүй юу.

-Хамтарсан Засгийн газ­рын зорилт биелсэнгүй. Ардчилсан нам МАН-ын алдаа болгоныг хуваалцах ёс­той боллоо. Харин энэ бүхний “автор” бо­­лох С.Баяр гэдэг хүн хариуцлагаас хэ­дийнэ мултарчихсан. Та ялагдсан юм биш үү?

-Тийм учраас л С.Баярын улс төрийн бодлого их адармаатай гэж хэлээд байна. Бид хоёр найзууд, хар багын найзууд. Гэхдээ бид хоёр улс төрөөр хэзээ ч таарч байгаагүй. С.Баяр миний улс төрийг зөвшөөрдөггүй, би С.Баярынхыг зөвшөөрдөггүй. Ер нь бид хоёр нийлэхээрээ улс төр ярьдаггүй. Харин С.Баярын Ерөнхий сайдаас, намын даргаас больсон шалтгаан нь үнэндээ эрүүл мэндээс болсон. Элэгний хүнд өвчтэй, эмчилгээ хийл­гэхээс өөр арга байхгүй. Хэрвээ тэр их ачааллыг өөртөө аваад явсан бол өдийд юу ч болох байсан юм билээ. Эмч нарын зөв­лөгөөгөөр ажлаа өгсөн шүү дээ. Хүн мэдээж амь насаа л хайрлана. Үүнийг бол би нөхрийн хувьд хэлнэ. Харин түүний үүсгээд бий болгочихсон улс төр ялангуяа манай намыг одоо болтол л хүнд байдалд байлгаж байна. Одоо болтол манай нам С.Баярын бий болгосон хавхнаас гарч чадахгүй байна.  Энэ хавхнаас намаа гаргах нь миний үүрэг. Тийм учраас би ҮЗХ-ндоо Ардчилсан намыг Засгийн газраас гаргах асуудлыг тавина. Хэрвээ гаргаж чадвал би С.Баярыг ялсан болно. Гаргаж чадахгүй бол С.Баярын тавьсан хавх цаашаа үргэлжлээд явна. Тэгээд энэ хавханд байсан нь зөв байж уу, буруу байж уу гэдгийг 2012 оны сонгуулиар ард түмнээрээ дүгнүүлнэ дээ. Бусад улсын туршлагыг хараад байхад бусдын хөнжилд орсон нам ч их л хэцүү хувь заяатай тулгардаг юм билээ дээ.

-Тэгвэл танд амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж