Даамын өлгий нутаг гэгддэг Голландын Эммелорд хотноо даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг өчигдөр 14 дэх тоглолтоо хийж, хожигдсон байна. Энэ удаад Латвийн их мастер Гунтис Валнеристай хараар тоглож, ялагдал хүлээснээр Д.Эрдэнэбилэг нийт 14 оноотой 11 дүгээр байрт бичигдээд байна. Тэрбээр нийт 14 тоглолтоос гурав хожиж, найм тэнцэж, гурав хожигдоод байгаа юм. Одоогийн байдлаар тэмцээнийг ОХУ-ын их мастер Александр Георгиев 20 оноотой тэргүүлж байна. Даамчдын хувьд өнөөдөр амралтын өдөр. Харин маргааш 15 дахь тоглолтоо хийх юм. Д.Эрдэнэбилэгийн хувьд Камеруны их мастер Жон-Марк Ндьофантай цагаанаар нүүнэ.
Дэлхийн шилдэг 20 даамчин тойргоор тоглож, 2011 оны дэлхийн аварга даамчин энэ сарын 28-нд тодорно.
С.Цэлмэг