Оюутолгойд хийх хөдөлмөрийн үзлэг хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Оюутолгойд хийх хөдөлмөрийн үзлэг хойшилжээ

“Оюутолгой” компани 6949 хятад ажилчин авчрах гэж байгаа тухай шуугиан тариад байна. Монголд ажилгүй иргэдийн тоо сар бүр өсч 40 мянгад хүрээд байхад, тус компани гадны ажилчин авч ажиллуулах гэж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргээд буй. Тиймдээ ч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо газар дээр нь очиж хөдөлмөрийн үзлэг хийх болсон. Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарын мэдэгдсэнээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тус үзлэгийг хийх байсан боловч үзлэгийг хийгээгүй байна. Учир нь, хөдөлмөрийн үзлэгээр хийх удирдамжийг гаргаж өгөхийг Оюутолгой компани шаардсан гэнэ. Мөн “Оуютолгой” компанийн зүгээс шалгалтын ажлын хэсэг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх шаардлагыг тавьжээ.

Үйлдвэрчний эвлэл одоогийн байдлаар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, яг ямар шалгалт хийх тухай удирдамжаа боловсруулж байна. Мөн олон хүний бүрэлдэхүүнтэй ажиллах хүсэлт гаргахаар бичиг баримтаа зэхэж байгаа гэнэ. Мөн ажлын хэсэгт багтах мэргэжлийн шинжээчийг сонгож байгаа гэлээ. Шинжээч нь ямар ажлын байрт, ямар чадвартай хүнийг ажиллуулж байгааг тогтоох ажээ. Холбооны албаны хүний мэдэгдсэнээр зургадугаар сараас өмнө уг хөдөлмөрийн үзлэгийг хийхээр ажиллаж байгаа гэлээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж