Хятадын Хэбэй мужийн мөрдөн шалгах албаныхан “Beidaihe” ус хангамжийн корпорацийн менежер асан Ма Чаоцун гэгчийн гэрээс их хэмжээний алт, бэлэн мөнгө, үл хөдлөхийн гэрчилгээ илрүүлжээ. Авлигын хэргээр мөрдөн шалгагдаж буй Ма Чаоцуны гэрээс 37 кг алт, 68 үл хөдлөхийн гэрчилгээ, 120 сая юань /19.6 сая ам.доллар орчим/ бэлэн мөнгө илрүүлэн хураасан байна.
Ма Чаоцуныг авлига, хууль бусаар мөнгө олсон, олон нийтийн сангаас мөнгө шамшигдуулсан гэх хэргүүдэд сэжиглэн мөрдөн шалгаж буй аж. “Синьхуа” агентлагт Ма Чаоцун болон түүнтэй төстай доод албан тушаалтнуудын авлигын хэргийг “доод тушаалынхны том авлига” хэмээн нэрлэсэн байна.
Хятадын дарга Си Жинпин албан үүргээ хүлээж авснаас хойш Коммунист намыг авлигаас цэвэрлэхийн тулд “бар агнах” ажлыг эхлүүлээд буй юм. Авлигын эсрэг шуурганд Жоу Юнкан гэх мэт Коммунист намын дээд тушаалын экс эрхмүүд холбогдон шалгагдаж байна.
Б.АНХТУЯА