“Хүннү коал” компани нь Австралийн Хөрөнгийн биржид 2010 онд HUN кодоор хувьцаа гаргасан байна. Тус компани Дундговь аймгийн нутаг дахь Үнст худагийн нүүрсний төсөлд эзэмшдэг хувьцаагаа 15 хувиар ахиулсан тухай “Тhe Australian” мэдээлжээ. Мөн Хар тойром зэрэг ойролцоох ордын лицензийг эзэмших болсон тухай ч дурдсан байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт тус компанийн хариуцсан “Цант-Уул” нүүрсний төслийн хайгуулын талбайд коксжих нүүрсний их хэмжээний нөөц илэрсэн юм. Тус ордын нүүрсний чанар нь Тавантолгойн ордынхтой дүйцэхүйц чанарлаг гэсэн дүгнэлт гарчээ. Австрали улсад төвтэй “Хүннү коал” компани нь өнөөдрийн байдлаар Монголын өмнөд болон зүүн аймгийн нутгийг хамарсан эрчим хүч, коксжих нүүрсний 14 төслийг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна саяхан Австралийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан “Харанга ресурсез” компанийн хувь эзэмшигч болжээ.
“Рио Тинто”-гийн хувьцааг худалдан авчээ
“Хүннү коул” компани Говь-Алтайд “Алтай нүүрс” төслийг хэрэгжүүлж буй Рио Тинто группийн эзэмшлийн хувьцааны 70 хувийг худалдан авах гэрээ байгуулж, 23 сая ам.долларыг бэлэн мөнгөөр, 17 сая ам.долларыг дараа төлөхөөр болсон тухай “Foxbusiness” сайт мэдээлсэн байна. Говь-Алтай аймгийн Бургастайн хилийн боомтоос 250 км зайд орших “Алтай нүүрс” орд нь Хятадын төмөр замаас 550 км зайд оршдог байна. Төслийг хэрэгжүүлэгчид 46,212 га талбайд хайгуул хийх зургаа, 202 га-д олборлолт явуулах дөрвөн лиценз эзэмшдэг. Төслийн хүрээнд 250-500 сая тонн метр нүүрс олборлохоор тооцоолж буй ажээ. Хайгуулын урьдчилсан шинжилгээгээр тус ордын коксжих нүүрсний чанарын үзүүлэлт дэлхийн бусад орны коксжих нүүрснийхтэй адил шинж чанартай байгааг тогтоожээ. “Хүннү коул” компани стратегийн түнш “Банпу” компанитай хамтран нүүрсний олборлолтыг өргөжүүлж, нүүрсний үйлдвэрлэлийг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Н.Энх