Хөгжлийн төмөр замыг барих ажил дөнгөж эхлэхтэй зэрэгцэн “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт бүртгүүлсэн билээ. Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй тус компанийн 226 мянган ширхэг хувьцааг бүртгүүлснийг арилжаанд орж эхэлсэн мэтээр зарим иргэд эндүүрч байна. Тус компанийн хувьцааг Хөрөнгийн бирж бүртгэсэн нь хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ердөө эхний алхам гэдгийг албаныхан хэлсэн юм. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар тус компани нэмж хувьцаа гаргах тухай тогтоол гарсны дараа арилжаанд оролцуулна гэж биржийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Саруул ярив. Харин яг хэдийнээс “Монголын төмөр зам” хувьцаа арилжаанд оролцох нь одоохондоо тодорхойгүй байгаа ажээ.
Б.СҮРЭН