Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үеэр чуулганы хуралдаанд суугаагүй АН-ын гишүүд, огцруулах саналыг дэмжсэн гишүүдээс намын Хяналтын ерөнхий хороо тайлбар хүссэн албан тоот илгээгээд байгаа. Намын даргын эсрэг зогссон эрхэм гишүүд эхнээсээ тайлбар өгч эхэлжээ.
Харин УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тайлбар өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж.
Тэрээр “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, Засгийн газарт хариуцлага тооцох эрх нь УИХ-ын гишүүн бүрт бий. Намын дарга, Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох асуудлыг тавьсаныхаа төлөө хууль хяналтын байгууллагад дуудагдаж байгаа юм шиг тайлбар өгөх нь зохимжгүй. Энэ бол байж боломгүй үйлдэл. Тиймээс би тайлбар өгөх хүсэлгүй байна. Тийм үндэслэл ч байхгүй” хэмээн нөхөддөө мэдэгдээд амжжээ.
Г.ДАРЬ