Богино долгионы FM-үүдээр нэгэн үе “Чамдаа би хайртай шүү” дуу хит болж, хүн бүрийн дуулах, аялах дуртай дууных нь нэг болж байв. Тэгвэл дээрх бүтээлийг олонд таниулсан дуучин С.Нарантунгалаг хань Ц.Мөнх-Эрдэнийн хамтаар бие даасан тоглолт хийхээр болж, бэлтгэл ажилдаа аль хэдийнэ шамджээ.
“Хайртай” нэртэй тэдний анхны бие даасан тоглолтод “Харш” хамтлагийн дуучин Соёлын тэргүүний ажилтан С.Баасандорж оролцож, “Хос залуус” дууг хамтран дуулах юм байна. Өнгөрсөн зунаас эхэлж тэдний хамтран дуулсан дээрх дууны клип телевизүүдээр цацагдахад олон үзэгчийг дэлгэцийнх нь өмнө “уяж” байсан. Тэгвэл одоо дахин сонсож болох нь. Тоглолт арваннэгдүгээр сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Тоглолт сюопризээр дүүрэн байх бөгөөд азтай үзэгчийг тодруулж, гадаадад аялуулах гэнэ шүү.
Сонирхуулахад, дуучин С.Нарантунгалаг анх урлагийн ертөнцөд хөл тавихдаа Р.Амарбаясгалантай хослон дуулж, олны танил болж байсан. Тэдний хамтран дуулсан “Чамдаа би хайртай шүү” дуу урлагийн замд хөтөлсөн гэж хэлж болно. Тэд 2005-2010 оны хооронд олон дууг хамтран дуулж, 2008 онд бие даасан тоглолтоо хийсэн юм. Харин түүнээс хойш нам жим болсон. Тэгвэл энэ хооронд тус, тусын амьдралыг хөөснөөр Р.Амарбаясгалан гэр бүлийнхээ хамтаар Австри улсад ажиллаж амьдарч байгаа бол С.Нарантунгалаг архитектурч залуутай гэр бүл болж, хүүтэй болж, хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авснаар өнгөрсөн зунаас эргэн иржээ. Урлагт эргэн ирэхдээ хань Ц.Мөнх-Эрдэнийгээ дагуулсан бололтойдог шүү. Урлагийн сургуулийг төгсөөгүй ч, унаган хоолой нь түүнийг мэргэжлийн дуучин хэмээн андууруулж мэдэх гэнэ.
Г.ШАРХҮҮ