Хүйтний улиралд хамгийн их эрэлттэй байдаг ханиад, томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт 10 мянган төгрөгөөр тарьж байна. Уг вакцинд гурваас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хамрагдах боломжтой. Гэтэл жирэмсэн эхчүүдийн дунд энэ вакциныг хийлгэх нь олон янзын эргэлзээг дагуулдаг учраас эдгээр асуултад хариулт өгөх зорилгоор дараах судалгааг Америкийн эрдэмтэд хийжээ.
Ханиадны эсрэг вакцин жирэмсэн эхчүүдэд сөрөг нөлөөтэй юу?
Томуугийн эсрэг вакцин нь нярайг дөрвөн сарын турш томуугаас сэргийлж байсан төдийгүй зулбах эрсдлийг нэмэгдүүлдэггүй болохыг Америкийн томуугийн цар тахлыг судлах тусгай комиссын гишүүн, доктор Кэтлин Неизил саяхан болж өнгөрсөн Халдварт өвчин судлалын нийгэмлэгийн 49-р чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ дурьджээ.
Энэ үеэр томуугийн эсрэг вакциныг жирэмсэн эхчүүдэд тарихад ашигтай байгаад зогсохгүй, аюулгүй гэдгийг нотолсон олон илтгэл хэлэлцүүлэгдсэн байна. Жирэмсэн байх үедээ томуугийн эсрэг вакцин хийлгээгүй эхээс төрсөн нярай томуугаар өвчлөмтгий байсан нь дархлаа тогтож амжаагүй байсантай холбоотой бөгөөд шинэ төрсөн нярайд дор хаяж зургаан сарын туршид уг вакциныг хийх боломжгүй юм.
Иймд томуугийн халдвар авсан нярай нь насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хүндрэл үүсэх, нас барах эрсдэл өндөртэй гэнэ. Вашингтоны их сургуулийн Анагаахын ухааны сургуулийн клиникийн профессор, доктор Кэтлин Неизил “Эмэгтэйчүүд жирэмсэн байх хугацаандаа томуугийн эсрэг вакцин хийлгэх нь өөрийгөө болоод шинэ төрөх үрээ хамгаалах чухал алхам гэдгийг юун түрүүн ухамсарлах хэрэгтэй.
Уг вакцины аюулгүй, үр ашигтай байдлыг харуулсан эдгээр мэдээллүүд нь олон эхчүүдэд энэ вакциныг тариулах нь зүйтэй юм гэсэн ойлголтыг өгөх болно” гэдгийг илтгэлдээ дурьджээ.
Энэ вакцин нь дөнгөж төрсөн нярайг ч бас хамгаална
Томуугаас сэргийлэх зорилгоор вакцин тариулсан эх жирэмсэн байх хугацаандаа хүүхдээ томуугаас сэргийлж байдаг. АНУ-ын Юта мужийн их сургуульд хийсэн нэгэн судалгаагаар “Вакцинаар өдөөгдөн үүссэн эсрэг бие эхэсээр дамжин эхээс урагт орж, төрсний дараах эхний дөрвөн сарын турш томуугаас сэргийлдэг” гэсэн үр дүн гарчээ.
Уг судалгаанд 27 эмэгтэй хамрагдсан бөгөөд 41хувь нь улирлын томуугийн вакцин хийлгэсэн байсан бол 59 хувь нь вакцин хийлгээгүй байжээ. Бүх нярайд төрөнгүүт нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийхэд вакцин хийлгэсэн эхээс төрсөн бүх нярайд томуугийн эсрэг эсрэг бие илэрсэн байхад вакцин хийлгээгүй эхээс төрсөн нярайн 31 хувьд эсрэг бие илэрсэн байна. Дээрх хүүхдүүдэд 2-4 сарын дараа дахин шинжилгээ хийхэд мөн л вакцин хийлгэсэн эхээс хүүхдүүдийн 11 хувьд эсрэг бие тодорхойлогдож байжээ. Энэ тухай тус сургуулийн хүүхдийн тасгийн зөвлөх профессор Жулие хэлэхдээ “Бидний судалгаа жирэмсэн үеийн вакцинжуулалт нь хүүхдийг төрсний дараах хэдэн сарын турш томуугаас сэргийлж байгааг баталж байна. Тиймээс жирэмсэн эхчүүд боломжтой л бол энэхүү вакциныг хийлгэх хэрэгтэй” гэжээ.
Томуугийн вакцин нь үр зулбах эрсдлийг нэмэгдүүлдэггүй
Жирэмсэн үед томуугийн вакцин хийлгэх болон зулбалтын эрсдэл хоёрын хооронд ямар ч хамаарал байхгүйг нотолсон бас нэгэн судалгааны илтгэл тавигджээ. Висконсин мужийн Маршфильд клиникийн судлаачид зулбасан 243 эмэгтэйг зулбаагүй 243 эмэгтэйтэй харьцуулан судалгаа хийсэн байна. Тэд бүх мэдээллээ цуглуулж, дүн шинжилгээ хийсний эцэст судлаачид зулбахаас өмнөх дөрвөн долоо хоногийн туршид вакцин хийлгэсэн эхчүүдийг, зулбаагүй эхчүүдтэй харьцуулахад зулбалтыг нэмэгдүүлсэн гэх шалтгаан илрээгүй байна.
Энэ тухай судалгааны төвийн эпидемиологич Стефани “Ямар ч аюулгүй байна гэдэг бол жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин хийлгэхэд уриалан дуудах хамгийн гол хүчин зүйл юм. Бидний нотолсон энэхүү зүйл нь жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин хийлгэхэд айх аюулгүй болголоо” гэж хэлсэн байна. Иймээс та ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандах бол ажлын өдөрт 9.00-15.00 цагийн хооронд очоорой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 453849 дугаарын утаснаас лавлаарай.
Эх сурвалж: www.polit.mn