Загварын этгээд чиг хандлага

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Загварын этгээд чиг хандлага

-Загварын ертөнцөд тэтгэвэрийн насныхан, трансжендерүүд, үлэмж биетнүүд хүч түрэн орж ирлээ-

Арваадхан жилийн өмнө загварын ертөнцөд төгс бие галбиртай загвар өмсөгчид л үнэлэгддэг байв. Харин жил өнгөрөх тусам тайзны эздийг мөн сэтгүүлүүдийн хавтсыг этгээдь ер бусын загвар өмсөгчид чимэх нь ихсэв. Стандартын бус гоо үзэсгэлэн нь нэгдүгээрт,  хэрэглэгчдийн анхаарлыг бараанд татаж байна. Хоёрдугаарт, хүн бүр төгс гэсэн шинэлэг зарчмыг дэлгэрүүлж байна.

Энэ гэрэл зургийн сурвалжлага тантай  мэргэжлийн хэрнээ стандарт бус загвар өмсөгч нарыг танилцуулна.

Леа Черезо (Леа Ти). Фото: Felipe Dana / AP

2014 оны арваннэгдүгээр сард гоо сайхны бараа бүтээгдэхүүний томоохон компани L'Oreal транссексуаль модель Леа Черезотай  хамтран ажиллах тухайгаа зарлав. Бразили эмэгтэй тэрээр 2012 онд эрэгтэйгээс эмэгтэй болон хүйс солиулах мэс засал хийлгэсэн байна. Одоо тэрээр Redken брэндийн шинэ бүтээгдэхүүнийг рекламдана. Өдгөө 32 настай Черезо, загварын ертөнцөд Леа Ти (Lea T) нэрээр алдартай бөгөөд үсн арчилгаа болон бусад гоо сайхны  бүтээгдэхүүний нүүр царай болсон байна.

Жеки О'Шонесси. Фото: Facebook дэх American Apparel хуудас

62 настай Жеки О'Шонесси дөнгөж хоёр жилийн өмнө загварын ертөнцөд хөл тавьсан. Нэгэн удаа Жеки Нью-Йоркийн нэг ресторанд хоол идэж байхад нь American Apparel  загварын агентлагийн төлөөлөгч түүнийг анзаарчээ. Түүнд залуу биш эмэгтэйн гадаад төрх маш таалагдсан бөгөөд шууд л өөрийн брэндийн нүүр царай болох санал тавьсан байна. Төлөөлөгч алдаагүй байв. Буурал урт үстэй гоолиг хатагтай American Apparel-т зургаа авахуулж байсан залуу бүсгүйчүүдээс юугаараа ч дутахааргүй байлаа.

Кристи Бринкли. People сэтгүүлийн хавтас.

Кристи Бринкли  загварын ертөнцөд  "мөнхийн залуу" харагддаг модель гэж нэрлэгддэг. Хэдийнэ 60 хүрээд байгаа ч карьераа эхлүүлж байсан 19 настай шигээ л тэр харагддаг. Эмэгтэйчүүдийн сэтгүүлүүд түүнээс залуу байх нууцыг нь хэлүүлэхээр уралдан ярилцлага авцгааж байгаа. Онцын нууц байхгүй. Цагаан хоол, спорт, амьдралыг эерэгээр харах гэх мэт. Далдын  хүчний оролцоо  байдаг биз дээ.

Кармен Делль'Орефайс. Фото: Dario Canatatore / Getty Images for Mercedes-Benz Fashion Week / AFP

Өөрийн 83 насандаа Кармен Делль'Орефайс загварын шоунд оролцож, сэтгүүлүүдэд зургаа авахуулсан хэвээр. Анх 14 наснаасаа эхлэн загвар өмссөнөөс хойш бараг далан жил тайзнаа гарч байгаа Делль'Орефайс моделийн хамгийн урт удаан жидийн карьертай эмэгтэй хэмээн Гиннессийн дээд амжилт тогтоожээ.

Кармен Делль'Орефайс нь “Үзэсгэлэнтэй байх: 40 жил моделиар ажиллахдаа миний сурсан арга барил” гэсэн нэртэй номын зохиолч бөгөөд Лондоны Урлагийн их сургуулийн профессор юм.

Робин Лоули. Фото: PRNewsFoto / swimsuitsforall / AP

Робин Лоули (зүүнээс хоёрт) нь дэлхийн plus-size моделиудын хамгийн алдартай, амжилттай нь юм. Загварын агентлагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг хүн бүрт хүргэхийн тулд мариалаг, ганган хүүхнүүдийг татаад эхэлжээ. Моделийн биш бие галбиртай эмэгтэйчүүдийн  эрхийн  төлөө тэмцэгч Лоули гэх австрали бүсгүй  загварын ертөнцөд байр сууриа эзэлснээс гадна plus-size гэсэн томъёог  хориглуулахаар тэмцэж байна. Тэрээр 44 размераас дээш хувцас өмсдөг эмэгтэйчүүдэд тэр томъёолол доромжлол болно хэмээн үздэг гэнэ.

Андрей Пежич. Фото: Adam Berry / Getty Images / Fotobank

Нэр томъёо мэдэхгүй хүн түүнийг трансвестит (өөр хүйс болон хувцаслагч) гэхээр Андрей Пежич маш уцааралдаг.  Тэрээр зүгээр л андрогинийн (хүйсгүй, хагас дутуу гэх утгаар) царайтай ердийн залуу байлаа. Тийм маягаараа ч тэр  загварын ертөнцөд хэрэгтэй болов. Пежичийг эрэгтэй, эмэгтэй хувцасны загварыг үзүүлж байв. Боснид төрсөн 23 настай Андрей гэр бүлийнхээ хамт Австралид ирээд моделийн карьераа 2008 онд эхэлжээ. Тэрээр 2010 онд Жан-Поль Готьегийн загварын үзүүлбэрт оролцожфранц, итали Vogue сэтгүүлд зургаа авахуулсан байв.  Андрей 2011 онд  Марк Жейкобсийн  цуглуулгын рекламын нүүр царай болов.  Мөн Готьегийн цуглуулгын зураг авалтад супермодель Каролина Курковагийн хамт оролцжээ . Андрей Пежичийг 2011 оны хавар FHM сэтгүүл хамгийн секси 100 эмэгтэй чансаандаа оруулсан байгаад дараа нь уучлалт гуйн  түүний зургийг эмэгтэйчүүдийн  зургуудаас авч байлаа. Хожим Пежич хүйсээ эмэгтэй болгон өөрчлүүлжээ.

Лю Сяньпин. Фото: AFP

Лю Сяньпин гэдэг 72 настай “өвөө” ер нь ЛГБТ-гийн төлөөлөгч биш. Энэ хятад өвгөн өөрийн ач охины бүтээдэг эмэгтэйчүүдийн хувцасны рекламыг л хийдэг. Гуанжоу мужийн Yecoo гэх загварын маркийн товчоонд  ач охин нь дизайнч юм. Тэрээр ач охиныхоо хүсэлтээр л даашинз, банзал өмсөх болжээ. Ингээд тэрээр интернэтийн дуулиан болон алдаршив. Өвөө нь модель болсны дараа Yecoo компанийн хувцасны гүйлгээ эрс нэмэгдсэн байлаа.

Кейт Аптон. Фото: Carlo Allegri / Reuters

Америк эмэгтэй Кейт Аптон pluz-size размерийн анхны  модель болоод Sports Illustrated алдартай сэтгүүлийн хавтаснаа зургаа гаргав. Цайвар үст, 22 настай бүсгүй  одоо загварын эрэлттэй хүн. Тэрээр  дотуур хувцасны Victoria's Secret брэндийн –сахиусан тэнгрүүдийн” нэг болжээ. Кинонд ч тоглоод амжлаа. FHM сэтгүүл хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн 2014 оны жагсаалтын 18-д түүнийг оруулжээ.

Шон Росс. Фото: Larry Busacca / Getty Images for Mercedes-Benz Fashion Week / AFP

Цайвар байх нь нэг хэрэг, альбинос (арьсны пигмент байхгүй удамшлалын  шинж чанарыг агуулсан хүн буюу амьтад) байх огт өөр. Өмнө нь тийм хүмүүс загварын ертөнцөд нэвтрэнэ гэдэг нь нүдний гэм байлаа. Харин Шон Росс фэшн-олимпийг байлдан дагуулж чаджээ. Гарал үүсэл, өнгөгүй гадаад төрх нь эхлээд түүнд өрсөлдөгч нараас нь хүндрэл, гадуурхалыг авчирч байлаа. Хамгийн сонирхолтой нь тэрээр африк гаралтай америк хүн. Одоо 23 настай Росс бүхий л хүндрэлийг амжилттай туулаад британийн GQ, италин Vogue сэтгүүлүүдэд модель хийлээ. Мөн Alexander McQueen, Givenchy зэрэг маркуудтай ажиллаж байгаа юм.

Винни Харлоу. Фото: Mark Blinch / Reuters

Винни Харлоу бүхий л амьдралынхаа турш модель болохыг хүсч иржээ. Түүний  эдгэрэшгүй өвчин витилиго (арьсны пигментийн өөрчлөлт) мөрөөдлөө биелүүлэхэд нь саад болно гэж сайн ойлгож байлаа. Гэхдээ л бүсгүй үзээд алдахаар шийдээд “Америк маягийн топ-модель” реалити-шоуны кастингт очжээ. Түүнийг шоунд авснаар Виннийн дэлхийд алдартай болох зам эхэлсэн гэдэг. Одоо Харлоу үзүүлбэр, зураг авалтуудад байнга оролцохоос гадна Испанийн Desigual гэх загварын брэндтэй гэрээ байгуулсан байна.

Ева Эмезон. Фото: Albert L. Ortega / Getty Images / Fotobank

Ева Эмезон (баруунаас)  дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч бөгөөд түүний биеийн өндөр нь 202 сантиметр. Дизайнчид түүнийг хараад л амаа ангайна. Загварын ертөнцөд модель өндөр байх тусмаа л сайн гэгддэг  шүү дээ.

Эйми Маллинз. Фото: Danny Moloshok / AP

Нэр хүндтэй  People сэтгүүл Эйми Маллинзийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хүний нэгээр нэрлэж байлаа. Нэг настайдаа үе мөчний төрөлхийн гажиг болох гемимели гэх өвчний улмаас хоёр хөлөө өвдөгнөөсөө доогуур тайруулсан байжээ. Британийн дизайнч Александр Маккуины загварын үзүүлэнд 1999 онд оролцож байв.

Аманда Лепор. Фото: Carlo Allegri / Reuters

Ер бусын төрхтэй-фрик эмэгтэй, загвар өмсөгч, 46 настай Аманда Лепор бол  транссексуалийн торуун билгэдэл юм. Аманда 17 хүртлээ хөвгүүн байгаад дараа нь эрийн биенд байх нь түүнд таалагдсангүй. Эмэгтэй болохын тулд Лепор олон удаа гоо сайхны мэс засалд оржээ. Мэс засал нь багагүй зардалтай байснаас Аманда өөрийгөө дэлхийн хамгийн үнэтэй модель гэнэ. Мэс  хүрээгүй биеийн хэсгийг нь тоолбол арай амар байх биз. Ухаангүй зүтгэн зовсон нь  өөрийн ашиг тусыг өгсөн юм.  M.A.C. Cosmetics, Mego Jeans, The Blonds, Swatch  зэргийн цуутай компаниудтай Лепор хамтран ажиллажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж