Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд Сентерра Гоулд Монголия компаний 150 сая төгрөгийн санхүүжилтээр Нийтийн ахуйн үйлчилгээний төв нээгдэж шинээр 20 орчим ажлын байр бий боллоо.
Бүрэн тоноглогдсон оёдлын цех, үсчин, гоо сайхан, зурагчин, компьютерийн үйлчилгээ, халуун ус гэх мэт төв суурин газарт нэн тэргүүнд шаардлагатай нийтийн үйлчилгээг сумын төв рүү явж авдаг байсан бол эрүүл ахуйн стандартад нийцсэн шинэ барилга 2800 хүн амтай 900 өрхтэй Хэрх тосгоны иргэдэд үйлчлэхээр үүдээ нээлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга Н.Нямдаваа:
Зүүнхараа хот маань Хэрх тосгоноосоо 6 км алслагдсан юм. Тэгэхээр хүмүүс маань 2000 төгрөгийн унаанд суугаад төв рүү орж усанд орж, үсээ засуулдаг юм.
Хуучин Хэрх тосгон сумын төв байгаад бие даасан статустай байсан. Түүхэндээ нийтийн ахуйн үйлчилгээтэй байсан болохоор шинээр байгуулагдаж байгаа үйлчилгээний төв бие даагаад өргөжөөд явах бүрэн боломжтой. Боловсон хүчний хувьд ч тэр хуучнаар Аж ахуйн (Хэрхийн) ахуйн үйлчилгээний ажилтан мэргэжилтнүүд маш сайн бэлтгэгдсэн байсан. Өнөөдөр энд ажиллаж байгаа хүмүүсээс мэргэжлийн бус хүн байхгүй. Тэгэхээр шинээр бий болсон ахуйн үйлчилгээг аж ахуйн тооцоон дээр аваад явч чадах байх. Өнөөдөр улс орны эдийн засгийн амаргүй байгаа энэ үед шинээр ажлын байр бий болгоно гэдэг тэр бүр олддог боломж биш байх. Өнөөдөр энэхүү төсөлд санхүүгийн туслалцаа үзүүлсэн Бороо Гоулд ХХК болон Сентерра Гоулд Монголия ХХК-ийн удирдлага, ажилтнуудад Мандалчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархаж байна.
Г.Халиун, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэгийн багш
Хэрхийн иргэд алтан намраа тэмдэглэж буй энэ цаг үед шинээр 17 ажлын байр бий болж нийтийн халуун устай болж байгаадаа Хэрхчүүд бид их баярлаж байна. Хэрхэд нийтийн ахуйн үйлчилгээний үйлчилгээг Зүүнхараагаас /Мандалаас/ очиж авдаг, оёдолчид нь хүртэл төв рүү явдаг байлаа. Энэхүү нийтийн ахуйн үйлчилгээний төв нь эдийн засгийн хувьд ч их нэмэртэй төсөл болллоо. Төв рүү орох унааны мөнгөө хэмнээд эхэлж байна гэсэн үг. Их сайхан тохилог халуун устай болсон байна.
О.Наранчимэг, Нийтийн ахуй үйлчилгээний оёдолчин
Манай цехэд 10 хүн ажиллаж эхэллээ. Энд ажлын байр бий болж байгааг сонссон цагаасаа хойш их хүлээсэн. Ер нь бол 90-ээд онд нийтийн ахуйн үйлчилгээ хаагдсан шүү дээ. Сүүлийн хэдэн жил Мандал орж оёдлын цехэд ажилладаг байлаа. Энд ажиллаж байгаа гурван хүн Бороо Гоулд ХХК-ийн тусламжтай Хөгжлийн шийдэл ТББ-ын сургалтад хамрагдсан. Энэ сургалтаас гэхэд эсгүүрийн мэдлэгийг маш сайн эзэмшиж авсан. Одоо харин ийм сайхан ажлын байртай болгож өгсөнд нь чин сэтгэлээсээ баярлаж байна. Цаашдаа олноор нь оёх захиалга олж ажиллана гэж бодож байгаа.
Б.Нямцэцэг, Нийтийн ахуй үйлчилгээний гоо сайханч
Шинээр ажлын байр бий болж байгаа сургаар өнгөрсөн хавар нутагтаа ирлээ. Сентерра Гоулд Монголия ХХК манайд бүхий л аппарат тоног төхөөрөмжтэй ажлын байраар хангаж өгч байгааг сонсоод олны адил өөрийн анкетаа өгсөн. Хуучин энд үсчин гоо сайхан компьютерийн үйлчилгээ гэж байгаагүй. Анхных гэдэгтээ их баяртай байна.