Шүлсний булчирхайн хавдарт архи, тамхи ч нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Шүлсний булчирхайн хавдарт архи, тамхи ч нөлөөлдөг

Долоо хоног бүрийн баасан гаригт манай сайт “Эрүүл мэндийн зөвлөгөө” булангаа уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн “Эрүүл мэндийн зөвлөгөө” буланд ЕТЕМО эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг уригдлаа. Одноо эмч энэ удаа “Шүлсний булчирхайн хавдар”-ын талаар зөвлөгөө бэлтгэн илгээжээ. Энэхүү эрүүл мэндийн мэдлэг олгох булангаар та бүхэн ямар өвчний талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болмоор байгаагаа, мэргэжлийн эмчээс асуух тодруулах зүйлээ info@news.mn хаягаар илгээгээрэй.

Хүнд  чихний ойролцоох, эрүүний доорх болон хэлний доорх гэсэн 3 хос том булчирхай байхаас гадна ам залгиурт хэдэн зуун жижиг шүлсний булчирхайнууд байдаг. Эдгээр нь хоногт 1500 мл хүртэл шүлсийг  ялгаруулж байдаг. Шүлс нь бидний идэж  буй хоол хүнсийг зөөллөн дэвтээж ходоод уруу дамжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна дотроо хоол боловсруулах фермент, ам хоолой залгиурын халдварыг эсэргүүцэх эсрэг бие хэмээх уургийн бодисуудыг агуулдаг. Товчоор бол хоол тэжээл биед орж боловсорч шингэхэд болон амны хөндий, шүд, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо эрүүл байхад шүлс чухал үүрэгтэй.

Шүлсний булчирхайн эсүүд хэвийн бусаар өсөж ургахыг шүлсний булчирхайн хавдар гэнэ.Хавдар үүсэх нөхцөлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэдэг ба эдгээр хүчин зүйлс байх нь зайлшгүй хавдартай болно гэсэн үг биш ч өвчлөх  магадлалыг ихэсгэдэг.

Шүлсний булчирхайн хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд:

-Амны хөндийн эрүүл ахуй муу байх / тухайлбал хорхойтсон шүд, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл  гэх мэт нь  халдварын голомт болж цаашид хавдар үүсэх суурийг бий болгоно/

-Нас: Нас ахих тутам өвчлөх  магадлал ихсэх ба 60-с дээш насанд илүү тохиолддог.

-Толгой хүзүүний байрлалд туяа шарлага эмчилгээ хийлгэсэн

-Хавдар үүсгэгч химийн хорт бодистой ойр байх

Шинж тэмдэг

-Чихний урд, доор, ар доод хэсэг, эрүүний доор, уруулын дотор тал эсвэл  аман дотор товгор үүсвэр, ур гарах. Жижиг шүлсний булчирхайн хавдар хатуу тагнайд үүсэх нь элбэг тохиолддог.

-Ам том ангайх, залгихад хүндрэлтэй болох

-Нүүрний зарим нэг хэсгээр  мэдрэхүй алдагдах нүүр мурийх, унжих

-Чихнээс шингэн гарах

Оношлогоо

Дээрх шинж тэмдгүүд гарвал эрүү нүүр, толгой хүзүүний мэс заслын эмчид үзүүлнэ. Үүсвэрийг хатгаж эсийн шинжилгээ авч эмгэг судлаач эмч хортой хоргүйг ялгаж оношилно. Хортой хавдрын тохиолдолд хавдрын тархацыг тогтоож хагалгааны цар хүрээгээ тодорхойлохын тулд компьютер томографийн болон MRI, ЭХО, рентген зэрэг нэмэлт багажийн шинжилгээнүүдйиг хийдэг.

Эмчилгээ

Хортой хавдрын үед мэс засал, туяа шарлага, химийн эмийн эмчилгээг хавдрын эсийн үүсэл гарал, өвчний үе шатаас хамааран дангаар болон хавсран хэрэглэдэг.  Шүлсний булчирхайн хортой болон хоргүй хавдрын төгс эмчилгээ нь  мэс заслын  эмчилгээ байдаг.Чихний ойролцоох шүлсний булчирхайн дундуур нүүрийг мэдрэлжүүлдэг нүүрний мэдрэл дамжин явдаг тул  энэ чиглэлээр мэргэшсэн  нарийн мэргэжлийн эмч  мэс заслыг  хийдэг . Хавдрын үүсвэрийг дээрээс нь зүсээд мултлаад авчихсан тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд хоргүй хавдар ч дахих магадлал өндөр. Түүнчлэн мэдрэл гэмтээж нүүр мурийх эрсдэл өндөр тул хийж сурсан мэргэжлийн эмч мэдрэлийг ялган бүтэн үлдээж хавдрыг авдаг. Хортой хавдрын тухайд мэдрэл хавдарт хэр нэрвэгдсэнээс хамааран хавдартай хамт мэдрэл тайрагдаж болох ба ингэж нүүрний тэгш хэм алдагдсан тохиолдолд хавдрыг эмчилсний дараагаар нөхөн сэргээх заслуудыг хийж өвчтөний гоо сайхныг сэргээхээс гадна цаашид гарах хүндрэлүүдээс сэргийлдэг.

Урьдчилан сэргийлэх  

-Хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсээс  хол байх.

-Сэжигтэй тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эрт хандах нь зүйтэй юм.

-Хавдар үүсгэдэг гол хүчин зүйлс болох архи, тамхины хэрэглээг аль болох багасгах нь тустай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж