АПЕК-т зориулсан Бээжингийн агаар цэлмэг

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

АПЕК-т зориулсан Бээжингийн агаар цэлмэг

-АПЕК-ийн гишүүн орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний чуулганыг ая тухтай, аюулгүй зохион байгуулахын тулд Бээжингийн хотын захиргаа хэд хэдэн арга хэмжээ авчээ-

 

 

АПЕК-ийн гишүүн орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний чуулганыг хүлээн авсан Бээжин зочдоо утаа униаргүй хүлээн авлаа. Өдөртөө нар ээн дулаан байвч, өглөө, оройдоо сэрүүн. Модод навчсаа гөвж, өвөл хаяанд ирсэн нь илт.

 

Улаанбаатарчуудыг зовоодог болоод удаж байгаа агаарын бохирдол Бээжинд ч мөн адил бий. Улаанбаатараас ч илүү аюултай түвшинд хүрсэн тухай ярьж бичиж байгаа. Харин энэ сарын 8-11-ны хооронд болсон АПЕК-ийн гишүүн орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний чуулганыг ая тухтай, аюулгүй зохион байгуулахын тулд Бээжингийн хотын захиргаа хэд хэдэн арга хэмжээ авчээ.

 

Юун түрүүн агаарын бохирдлыг хэсэг хугацаанд үгүй болгож чаджээ. Одоогоос сарын өмнө Бээжингийн агаарын бохирдол ихэсч, амны хаалтгүйгээр явахад хүндрэлтэй байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Харин өнөөдөр Бээжингийн агаар цэвэр байна. Ингэхийн тулд, эхний ээлжинд авто машиныг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулжээ. Агаарт хий хаядаг үйлдвэрийн газруудыг нэг сарын өмнөөс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. АНУ, ОХУ гээд дэлхийн супер гүрнүүдийн төрийн тэргүүн АПЕК-ийн хуралд ирж байгаа учраас хамгаалалт дээд хэмжээнд. Орон орны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хамгаалалтан дор цуваагаар явах учраас нийтийн тээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийхээс гадна нийслэлийн хүн амын хөдөлгөөний багасгахын тулд дунд сургууль болон албан газруудын ажилтнуудад долоо хоногийн амралт олгожээ. Амралт өнгөрсөн Баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ноос эхэлжээ. China Daily сонины мэдээлснээр зөвхөн өнгөрсөн Пүрэв гаригийн орой  галт тэргээр 410 мянган хүн амралтаа өнгөрөөхөөр нийслэл Бээжин хотоос орон нутгийг зорьсон байна. Тус сонины мэдээлснээр маргааш өдөр нь буюу Баасан нийслэлээс гарагчдын тоо 467 мянга хүрнэ хэмээн тооцоолсон байсан. Энэ бол зөвхөн галт тэргээр зорчсон иргэдийн тоо. Орон нутгийн нислэгийн тийзүүд худалдаалагдаж дуусч, онгоцны буудлууд яг л БНХАУ-ын тунхагласан баярын үе шиг байгаа тухай иргэд сонины сурвалжлагчид ярьжээ. БНХАУ-ыг тунхагласан баярыг аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг бөгөөд энэ үеэр хятадууд долоо хоног амардаг. Улс тунхагласны баярын үеэр өдөртөө дунджаар 670 мянган хүн галт тэргээр хөдөө орон нутгийг зорьдог байна. Онгоцны нислэгийн чиглэлүүдийг харвал орон нутаг руу гэртээ харихаас илүүтэй аялж, амрах жуулчлалын чиглэлийг түлхүү сонгосон нь хятад өрхийн амьжиргаа дээшилсэн нь харагдаж байна.

 

 

Бээжингийн төв болох Тянь Ань Миний талбай хавьцаа жирийн амьдрал өрнөж байсан ч давхар давхар хяналт тавьж, иргэдийн бичиг баримтыг шалгаж байсан тухай хамт явсан сэтгүүлч нөхөд ярьсан. Мөн хэв журмыг сахиулах үүрэгтэй ханцуйн дээрээ улаан тууз зүүсэн иргэд гурав гурваараа эргүүл хийж яваа нь  Монголын социализмын үеийг санагдуулж байлаа. Бидний өвөө эмээ нарыг хорр хориноос зохион байгуулж ханцуйд нь “Эргүүл” гэсэн бичигтэй улаан тууз зүүлгэн хэв журмыг сахиулдаг байсан билээ. 

 

Монгол Улс олон улсын том хэмжээний хурлыг нэг бус удаа амжилттай зохион байгуулж чадсан. Ойрын жилүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдах олон улсын чанартай том хурлуудын тов гараад байгаа үед Бээжингийн арга барилаас суралцахад буруудахгүй. Ялангуяа 2016 онд зохиогдох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй санагдана. Энэ том арга хэмжээг эх орондоо зохион байгуулах эрх олж авна гэдэг дөнгөж их ажлын эхлэл. Үүний ард хүн хүчний, хөрөнгө мөнгөний, зохицуулалтын нөр их ажлыг амжуулах шаардлагатай. Монголчууд бид ирсэн зочинд үлдээх сэтгэгдлийг “хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэдэг. Хувцсаа ч бодолцоод, ухаанаа ч харуулаад үдэхсэн.

 

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж