Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Хамгийн муу төсөв

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг урьд өмнө байгаагүй хамгийн хариуцлагагүй төсөв гэж дүгнэж байна. Муу төслийг сайжруулж, чамбайруулах үүрэгтэй хүмүүс бол парламент өөрөө. Гэтэл яалаа?

Хууль батлагчдын хариуцлага жил ирэх тусам дордож байна. Парламентынхан хуулиар олгогдсон үүргээсээ илүү хэлбэр, маяг хөөцөлддөг болчихсон. Улс орны эрх ашигт нэмэргүй хэрүүлд хамаг цагаа зарцуулсан манай парламентынхан хамгийн муу, хамгийн хариуцлагагүй төсвийг өнөөдөр батлах гэж байна. 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрөөс баримтлах мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж  батлав. Сайхан ч гурилдлаа. Төсөв, мөнгөний бодлогыг хугацаандаа батлахгүй бол хариуцлага нь толгой дээр нь бууна гэдгийг эрхбиш гадарлаа байлгүй.

Улсын хэмжээнд 12 хувьтай гарсан инфляцийг ирэх онд долоон хувьд барихаар Төрийн мөнгөний бодлогод суулгав. Жил бүрийн сүүлээр “Ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд барина” хэмээн Монголбанк амалдаг.  Амлалт нь хэзээ биелж байлаа даа.

Эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын хэмжээ, долларын ханшийн өсөлтөөс харахад ирэх жил инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг бараг л үлгэр гэсэн үг. Энэ оны төсвийн орлого 700 тэрбумаар тасарсан. Гадаад цэвэр актив 160 хувиар буурсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий дөнгөж найман хувийг эзэлж байна. Манай улсад орж байгаа мөнгөний хэмжээ гадагшаа зарцуулж байгаа мөнгөний хэмжээнээс хэд дахин бага болсон. Экспортод гаргаж байгаа эрдэс баялгийн үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа нөхцөлд ирэх онд инфляцийг  долоон хувьд хүргэх боломж байхгүй.

Өнгөрсөн гурван жилд Төв банк ерөнхийдөө бодит секторыг дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Тэгвэл батлагдаад нэг хонож байгаа Төрийн мөнгөний бодлогыг харахад ирэх онд мөнгөний хатуу бодлого явагдана. Гэхдээ төрийн мөнгөний бодлого төсөвтэйгөө нягт уялдах ёстой. Энэ нь УИХ-аас хамаарна. Хэрэв УИХ төсөв, мөнгөний бодлогоо сайтар уялдуулж чадахгүй бол ирэх 2015 онд инфляци юун долоон хувь. 

Хугацаа нь тулсан төсвийг парламент шахсан бяслаг шиг болгож чадахгүй нь тодорхой. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг томилсоны дараа “тодотгол” хийх нэрээр цагтаа амжихын тулд хамгийн муу, хараал идсэн төсвийг УИХ батлах нь гарцаагүй болж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах учиртай.  Хуульд заасан хугацаа нь маргааш дуусгавар болно.

Чуулган эхэлсэн цагаас л засгийг огцруулахад гол анхаарлаа хандуулсан парламент энэ намар төсвийн төсөл дээр бараг ажилласангүй. Өнгөрсөн 45 хоногт парламент зөвхөн нэг л асуудалд улайрсан нь засгийг огцруулах явдал. Одоо эзэнгүй төсвийг батлах гэж байгаа хариуцлагагүй парламентын баталсан төсвийн балгийг ирэх онд бид үүрэхээр болж байх шиг.

Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр 2012 оноос хойш байгуулагдсан төсөвт байгууллагын орон тоог хасах, чиг үүргийг нь яамдад шилжүүлснээрээ 540 орон тоог  цомхотгож, 5.4 тэрбум төгрөг хэмнэх гэнэ. Мөн төсөвт байгууллагын дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн орон тоог 345 хүнээр цомхотгож, урсгал зардлыг 2,960.4 сая төгрөгөөр бууруулахаар, энэ хүрээнд аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой, нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, орон тооны зөвлөхгүй байх санал дэмжигдээд байгаа. Мөн Засгийн газрын агентлагийн дарга нэг дэд, эсхүл орлогч даргатай, орон тооны зөвлөхгүй байх нь зөв гэж парламент үзэж байна. Хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд төсвөөс санхүүждэг бүх шатны төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд, орлогч дарга болон орон тооны зөвлөхгүй байх нь хямралд орсон эдийн засаг хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд үзэж байна.  Тэгэхээр ирэх онд цөөнгүй төрийн албан хаагч ажилгүйчүүдийн эгнээд шилжих нь байна тодорхой болов.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд олгох санхүүгийн дэмжлэгт зориулсан урсгал зардлыг 3,758.9  сая төгрөгөөр бууруулах нь зөв үзэж байгаа гишүүдийн тайлбарлаж байгааг сонсоход олон нийтийн гэх тодотголтой тус телевиз олонхид үйлчилсээр ирсэн учраас хэмнэлтэд өртөж.  Уг нь ч зөв л дөө. Аялал жуулчлалын сан, Соёл, урлаг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан, Сургалтын төрийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Байгаль хамгаалах сан, Цэвэр агаар сан, Олон улсын хамтын ажиллагааны сангийн зардлыг танахаар болсон. Энэ нь утаатай тэмцэхгүй, өвчинтэй  дайтахгүй гэсэн санаа  юм даг уу даа. МАН-ынхан ч яахав, өвөл болохоор эхнэр хүүхдээ гадагшаа явуулчихдаг хүмүүс. Харин иргэд л утаа уушиглаад л байж дээ.

Ирэх жилийн төсвийн төсөлд  өрийн хэмжээг 70 хувьд хүргэх саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн. Энэ нь цөөнхийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас ихгүй байх тухай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалт бий. Ирэх оноос МАН-ын Засгийн газар Хөгжлийн банкны нэрээр зээлсэн 580 сая долларын өрийг төлж эхлэх юм. Ирэх 2017 оноос “Чингис” бондын өрийг төлөх болохоор ирэх жилийн төсвийн шүүсийг маш сайн шахах ёстой.

Экс сайд Ч.Улааны  боловсруулсан төсөлд  нүүрсийг чанараас нь хамаараад тонн нь дунджаар 80-130 ам.доллар, зэсийг дэлхийн зах зээлийн ханшийн дунджаар 6900 орчим ам.доллараар тооцсон. Дэд бүтэцгүйгээс болоод 30 доллар болж унаад байгаа нүүрсний үнэ сэргэх боломж одоогоор харагдахгүй байна. Сангийн яамныхны зохиосон тэнгэрийн үнэ бодит үнээс бараг 3-4 дахин их. Тэнгэртэй мессеж солилцдог экс сайдын мэргэ төөрсөн үү гэхээс төмөр замгүй Монголын нүүрс  80-130 долларт хүрч магнай тэнийлгэтлээ хол байна.

Орон нутагт нь хөрөнгө оруулалт, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг шилжүүлэхээр 2015 оны төсвийн төслийн тухай хуульд суулгасан. Долоон зуухан хүн амтай, 100 хүрэхгүй хүүхэдтэй сум болгон 500 хүүхдийн сургууль бариад эхэлбэл яах вэ гэсэн асуулт тавигдах биз. Жил ирэх тусам эзгүйрсээр байгаа хөдөөд ажлын байр чухал болохоос  хоёр давхар цэцэрлэг, сургууль барилаа гээд хүн амаа тогтоож чадах уу.  

Өнгөрсөн зун 90 жилийнхээ ойг хийсэн сум болгон есөн хөлт цагаан тугтай болцгоосон. Үүнтэй адилхан  сум болгон саарал ордон дуурайлгаад нэг юм бариад эхлэвэл яах билээ.

Гандантэгчилэн хийдэд зургаан тэрбумыг төсөвлөсөн манай гишүүдийн толгой хэр “том” бэ гэдгийг харуулав. Гавлынх нь хэмжээг ярьж байгаа юм биш шүү. Зургаан тэрбумаар хэдэн цэцэрлэг барих вэ, хаалганы гадаа үлддэг хичнээн хүүхэд цэцэрлэгтэй болох вэ гэвэл сонирхолтой тоо гарч ирж магадгүй юм. Өнөөдөр Улаанбаатарт арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цоожтой хаалганы цаана өнждөг гэсэн судалгаа бий.

Энэ мэтээр төсвийг чамбайруулах цаг парламентад үлдсэнгүй. Тэд нүдээ аниад л өнөөдөр “гохоо” дарах биз. Ядаж байхад АН-ын ҮЗХ өнөөдөр орой хуралдахаар товоо зарласан.  Сайдын суудал  нүдэнд нь харагдсан АН, МАН-ынхны хувьд төсөв ч яамай биз дээ.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж