Н.Золжаргал: Иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр сар бүр 30 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг
УИХ-аас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг баталсантай холбогдуулж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
Мөнгөний бодлогод ирэх 3 жилд буюу дунд хугацаанд инфляцийг долоон хувь руу бууруулах зорилт тавиад байна. Мөн Монголбанк, Засгийн газартай хамтарч өнгөрсөн жилүүдэд тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн дээр “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Эл бодлого ирэх онд үргэлжлэх эсэх, валютын ханшийн талаар ямар бодлого баримтлах, мөн ипотекийн найман хувийн хүүтэй зээлд хэчнээн иргэн хамрагдаад байна вэ зэрэг асуултад төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг онцоллоо.
-Инфляци өнөөгийн байдлаар 12 хувьтай байна. Харин 2015 оны Мөнгөний бодлогод 2015-2017 онуудад долоон хувь руу оруулах зорилт тавигдлаа. Биелэгдэх боломж бий юу?
-Өнгөрсөн аравдугаар сарын жилийн инфляци 12 хувь болж 15 хувьтай байснаасаа буурч байгаа эерэг хандлагатай байна. Оны төгсгөл рүү бидний зориод байсан түвшин рүү дөхнө. Өөрөөр хэлбэл, энэ оны төгсгөлд инфляци 10-11 хувь руу дөхөж очвол ирэх жил макро эдийн засгийн бодлого зохистой хэрэгжээд, төлбөрийн тэнцэл сайжраад, аливаа төрлийн том шок үүсэхгүй бол инфляцийг долоон хувь руу аваачих боломж гарч ирнэ. Инфляцийн зорьж байгаа энэ долоон хувийн түвшинг иргэдийн орлого хэдээр өсөх вэ, инфляци ямар байх вэ, бодит орлогод ирэх ачааллыг хэр зэрэг зөөллөх вэ гэсэн гурван хамаарлаар тооцож үзэхэд хүрэх боломжтой түвшин юм. Өнгөрсөн хугацаанд нийлүүлэлтийн гаралтай инфляци нийт инфляцийн 40-50 хувийг эзэлдэг байсан бол одоо ердөө 5 хувь болж буурсан. Үлдсэн 95 хувь нь төлбөрийн тэнцлийн хямралаас үүдэлтэй валютын ханшийн өсөлтийн импортын бараа болон дотоодын барааны үнэ дэх нөлөөлөл, түүнчлэн төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөр тайлбарлагдана. Валютын ханшийн өсөлт нь нийт инфляцид зургаа орчим сарын дараа сөрөг нөлөө үзүүлж байдаг, энэ нөлөөллийг хасч тооцоход инфляцийн нөлөөлөл ирэх жил буурах дүр зурагтай байгаа. Өөрөөр хэлбэл, импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэгэнт өсчихсөн учраас төлбөрийн тэнцэл мэдэгдэхүйц сайжрахад цааш дахин өсөх дарамт бага. Гол нь эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг сайжруулах замаар төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгох шаардлагатай. Ингэснээр ханш тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
УИХ-аар 2015 оны төсвийн хуулийг хэлэлцэж байна, төсөв хэрхэн батлагдахаас хамаараад инфляцийг 7 хувь руу буулгах зорилт маань хатуу байх уу, зөөлөн байх уу, хувийн хэвшилдээ хэр зэрэг ачаалал авчрах вэ гэдэг нь бас хамаарна. Тийм учраас төв банкны зүгээс Эдийн засгийн байнгын хороонд зөвлөмж хүргүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооноос Төсвийн байнгын хороонд санал хүргүүлсэн. Тэдгээр нь төсөвт тусгалаа олбол инфляцийг дунд хугацаанд 7 хувьд байлгах мөнгөний бодлогын зорилт хэрэгжихэд үр дүнтэй болох төдийгүй дунд, урт хугацаанд эдийн засгийг эрүүлжүүлэх, бүтцийн хувьд дан ганц салбараас хараат байдлыг нь бууруулах, өрсөлдөх чадвар, дархлааг нь сайжруулахад чухал болно.
-2017 оноос эхлэн төлөгдөх Чингис бонд, Хөгжлийн банкны өрийг 2015 оны төсөвт суулгах замаар эх үүсвэр бүрдүүлж эхлэхгүй бол хүндэрнэ гэж эдийн засагчид анхааруулж байгаа. Эл асуудалд төв банк ямар байр суурь барьж байна вэ?
-Монгол Улс 2017 онд нэлээн их хэмжээний гадаад өрийн эргэн төлөлт хийнэ. Нэг жилийн дотор одоогийн ханшаар 1.8 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний өрийг төлж байсан тохиолдол үгүй. Гадаад өрийн хүүний төлбөрийг л төлдөг, түүнийгээ жил бүрийн төсөвт тусгаж ирсэн туршлага л бий. Гэтэл хоёр жилийн дараагаас улсын төсвийн 20 гаруй хувийг бүрдүүлэх хэмжээний гадаад өрийг төлөх шаардлагатай. Ийм асар их мөнгийг ганцхан жилийн дотор шууд төлөх боломжгүй. Тодорхой хувийг нь шинэ зээлээр хаагаад явах байх. Гэхдээ үлдсэн хэсгийг төлөхөөс аргагүй. Тийм учраас 2016 оны төсөвт уг өрийг төлөх санхүүгийн эх үүсвэрийг бүгдийг нь тусгах юм уу, эсвэл 2015 оны төсвөөсөө эхлээд 2015, 2016, 2017 онуудын төсөвт үе шаттайгаар, хэсэгчлэн тусгаад явах юм уу, эсвэл улсын төсөвт суулгахгүйгээр яг хэдийнх нь төлбөрийг шийдэх вэ гэдгийг эдийн засагт оролцогч талууд шийдэл гаргах ёстой. Ийм ч учраас УИХ-ын тогтоолоор Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
-Ирэх онд валютын ханш тогтвортой байж чадах болов уу?
-Засгийн газар 2015 оны төсвийг боловсруулахдаа улсын төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөгөөр, зардлыг 7.6 их наяд төгрөгөөр, төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 10 хувиар тооцсон. Эдгээр үзүүлэлтээс гадна төсвийн тооцоонд ашиглах төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 1750-гоор авсан. Эндээс харвал гадаад валютын урсгалын хувьд Засгийн газрын хүлээлт эерэг байгаа гэж харагдаж байна. Валютын орох урсгал дээр сайжруулах зүйл их бий. Монголын эдийн засагт тулчихаад байгаа суурь асуудал бол гадаад валютын орох урсгалыг эрс нэмэгдүүлэх явдал. Үүнийг хийж чадахгүй тохиолдолд Монгол Улсын гадаад актив буурсан хэвээр л байна. Гадаад активын бууралтыг зогсоож, улмаар төлбөрийн тэнцлийг ашигтай гаргаж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын 34 дүгээр тогтоолд заачихсан байгаа. Хэн юу хийхийг тэрхүү тогтоолд тодорхой зааж өгсөн. Тийм учраас валютын орох урсгал дээр ажлаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлага бий.
Нөгөө талаар, 2013 оны төлбөрийн тэнцлийн хүндрэл, 2014 оны эдийн засгийн идэвхжил сул байдлыг харахад улсын төсвийн маань гүйцэтгэл төлөвлөснөөсөө 800 орчим тэрбум төгрөгөөр дутуу байна. Голцуу татварын орлого биелэхгүй, үргэлж дутуу гүйцэтгэлтэй байна. Энэ нь эргээд эдийн засагт хүндрэл учруулж байна. Тийм учраас Нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоо шинэчлэх, Баялгийн сангаа байгуулах гээд шат дараатай хийх ажлууд их бий. Энэ нь гадаад валютын орох урсгал ихсэх үед эрэлтийг өдөөхгүй, инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр тэрхүү санхүүгийн эх үүсвэрүүдийг хуримтлал болгодог, урт хугацааны хөрөнгө оруулалтад шилжүүлдэг механизмууд юм. Эдийн засгийн гадаад тэнцвэр хангагдсан буюу төлбөрийн тэнцэл сайжирсан орчинд өрсөлдөх чадвартай, тогтвортой, экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бололцоо нэмэгдэнэ. Бид ч урьдач нөхцөлүүд нь хангагдсан тохиолдолд энэ чиглэлд бодлогоо чиглүүлнэ. Дотооддоо үйлдвэрлээд экспортод гаргадаг нь ашигтай, харин импортоор бараагаа авдаг бизнесийн орчин хумигдсан, нөхцөл хүнд байгаа. Эдийн засгийг салбараар нь авч үзвэл, сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбар тогтвортой, цаашдаа ч тогтвортой байх хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр хөдөө, орон нутагт чиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах нь зөв бодлого юм.
-Ипотекийн зээлээ зогсоохгүй бол инфляци буурахгүй гэх юм. Ирэх онд орон сууцны ипотекийн зээлийн бодлогыг үргэлжлүүлэх үү?
-Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд иргэд сар бүр 30-аад тэрбум төгрөгийг банкны системд төвлөрүүлж байна. Цаад агуулгаараа иргэдэд хуримтлал болж очиж байгаа. Бодоод үз дээ, нийтийн эзэмшлийн 120 мянган орон сууцнаас 61 мянга нь ипотекийн зээлд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, энэ тооны өрх гэрийн эзэд зээлээ төлөхөөр өглөө бүр ажил руугаа яардаг. Өмнө нь ямар байсныг сануулъя, иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг бэлнээр тараадаг байх үед сард үүнд 60 тэрбум төгрөг зарцуулдаг, тэр нь шууд лангуу руу, өөрөөр хэлбэл хэрэглээ рүү, импорт руу явдаг байлаа шүү дээ. Энэ тогтолцоо өөрчлөгдсөн учраас одоо иргэд сар бүр 30 орчим тэрбум төгрөгийг орон сууцныхаа ипотекийн зээлд төлдөг, тэр хэрээр санхүүгийн салбарт урт хугацаатай эх үүсвэр нэмэгддэг болсон байна. Агуулгын талаас асар том өөрчлөлт. Цаашид хөдөө орон нутгийн амины орон сууцыг ипотекийн зээлээр санхүүжүүлэхээр болсон. Нийслэл хотын амины орон сууцны тухайд шийдвэр хараахан гараагүй, нийслэлийн удирдлагуудтай ярьж байж бодлогын зохицуулалт хийнэ.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэзээнээс хувийн секторт шилжүүлэх вэ. Ирэх онд дахиад л үргэлжилнэ гэж ойлгосон. Эргэн төлөлт ямар байгаа вэ?
-УИХ-аас баталсан төрийн мөнгөний бодлогын хүрээнд Монголбанк “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ түүнийг үе шаттайгаар хувийн секторт шилжүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан. Төлөвлөсний дагуу хөтөлбөр үргэлжилж байгаа ч, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн эргэн төлөлтөөрөө зээлийн үлдэгдэл буурч байгаа. Гол зарчим нь агуулахад байгаа барааг нь барьцаалж зээл олгодог систем. Махны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нийт зээлийн эх үүсвэрийн 40 хувийг нь зах зээлийн зарчимд шилжүүлсэн буюу хувийн сектор дангаараа санхүүжүүлж байна. Гурилын тухайд мөн адил. Нэгэнт хувийн хэвшил энэ тогтолцоог цаашид үргэлжлүүлэх бололцоотой болж байгаа учраас цаашид бид төлөвлөснийхөө дагуу эдгээр хөтөлбөрүүдээс шат дараатай гарна. Ингэхдээ зөв арга механизмыг сонгож хэрэгжүүлнэ. Шатахууны тухайд анх 100 хувь нэг л зах зээлээс хамааралтай байсан. Гэтэл хөтөлбөрийн хүрээнд бусад зах зээлээс нефтийн бүтээгдэхүүн авах, хэлэлцээр хийдэг механизмаа өөрчлөх, дэлхийн зах зээлийн үнийг хэрэглэдэггүй байсан бол одоо хэрэглэдэг болсон гэх мэт эерэг үр дүнгүүд гарсан. Энэ болгоны эцэст эх үүсвэрийг нь дотоодоосоо санхүүжүүлж байсан бол шатахууны эх үүсвэрийг нь гадаадаас санхүүжүүлэх бүтцийг төв банк жилийн дотор нэлээд судаллаа. Үр дүнд нь ирэх оноос шатахууны эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг гадаад зах зээлээс санхүүжүүлээд явах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Г.ДАРЬ