Инфляцийг долоон хувьд барина

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Инфляцийг долоон хувьд барина

УИХ-аар өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


 

2015 онд хэрэгжих мөнгөний бодлого нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой буюу дунд хугацааны зорилтот түвшин болох 7 хувьд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дунд, урт хугацааны тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд тус тус чиглэжээ.

Тиймээс төв банк Мөнгөний бодлогоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихийн зэрэгцээ банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч ажиллах аж.  Ингэхдээ Засгийн газарт дараах үүргийг хүлээлгэжээ.

1. Засгийн газар нь гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах.

2. Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх.

3. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам тогтвортой байлгах арга хэмжээ авах.

4. Төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах.

5. Улсын гадаад өр, түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулж, эрсдэлээс хамгаалах механизм бий болгох зэрэг ажлыг хийх үүрэг хүлээсэн байна.

Түүнчлэн Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороодтой хамтран дараах ажлыг хийх үүрэг хүлээжээ.

  • Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх.
  • Баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх.
  • 2015-2017 онд санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 34-р тогтоолд заасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
  • Монголбанк, Засгийн газар хооронд макро эдийн засгийн нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох, макро зохистой бодлого хэрэгжүүлэх хүрээнд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулах.
  • Төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авах.
  • Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэхийг энэхүү бодлогод тусгасан байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж