Цалин нэмэх зардалд 800 тэрбум төгрөг тусгахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх зардалд 800 тэрбум төгрөг тусгахыг шаардав

-МҮЭХ ирэх жил цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх зардалд шийдэх 500 тэрбум төгрөгийг нэмж, 800 тэрбум төгрөг болгохыг УИХ-аас шаардаж байна-

УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Үйлдэрчний эвлэлийнхэн ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 60 хувиар,  цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэх саналыг Улсын их хурал, Засгийн газарт дахин хүргүүлэхээр болсоноо хурлын үеэр онцоллоо.  Яг энэ саналыг МҮЭХ төрийн эрх баригчдад энэ оны долдугаар сарын 29-нд анх хүргүүлж, түүнээс хойш удаа дараа энэ асуудалд ямарваа тайлбар өгөхийг шаардаж мэдээлэл хийж байсан юм.

Энэ удаад МҮЭХ-ныхон дараах шаардлагыг төрийн эрх баригчдад тавьж байгаа ажээ.

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 60 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх,

-Маргаашийн дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт зөвшилцлийг хуралдуулах. /Энэ зөвшилцөлд Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ байдаг юм/

-Улсын төсвийг хэлэлцэхэд МҮЭХ-ны саналыг авах,

-Ирэх жилийн төсөв, хөрөнгийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинээр сургууль, цэцэрлэгийн барилга барихад шингээх ,

-Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг бүрэн шийдэж, тодорхой болгох,

-Ирэх жил цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ гэж 500 тэрбум төгрөгийг төсвөөс гаргахаар болсныг нэмж 800 тэрбум төгрөгийг үүнд шийдэж өгөхийг тус тус шаардаж байгаа гэдгээ илэрхийлэв.

Одоогийн эдийн засгийн хямралын үед, мөн ирэх жилүүдэд бондын төлбөр нэхэгдэхээр байхад  улсаас цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 60 хувиар нэмэх бололцооны талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх онд нэмэхээр улсаас 500 тэрбум төгрөг шийдэхээр болж байгаа ч энэ нь жинхэнэ нэмэгдэл болж чадахгүй. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэхэд 800 тэрбум төгрөг шаардлагатай. Ийм хэмжээгээр нэмэх бололцоог судлахаар Ажлын хэсэг гарч ажилласнаар боломжтой гэж үзсэн. Улсын төсөвт энэ хөрөнгийг бий болгох үүрэг УИХ-д бий. Жишээ нь, одоо улсын олон сангууд байдаг. Энэ сангуудад менежментийн өөрчлөлт хийж, цалин, тэтгэвэр нэмэх нөхцлийг бүрдүүлж болно  шүү дээ.

Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

-Эмнэлгүүд болон эрүүл мэндийн салбарт ажиллагсадын ажлын ачаалал өдөр ирэх тусам ихэсч байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагсад урьд нь зээлээс зээлийн хооронд цалингаа хүргэж амьдардаг байсан бол одоо зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрчихээд байна. Одоо улс төрийн сандал, суудлын асуудлыг ярьж, шуугихын оронд ард түмнийхээ амьдралыг хараач. Ажил хийж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй байна.

-Ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг:

-Төсөв хэлэлцэж дуусахад хоёрхон хоног үлдээд байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт зөвшилцлийг хуралдуулахгүй байна. Төрийн эрх баригчид ажилтан, албан хаагчид, иргэдийн саналыг огт сонсохгүй байна. Тиймээс яаралтай гурван талт зөвшилцлийг хуралдуулж, иргэдийнхээ саналыг төсөвтөө тусгах хэрэгтэй.

Ийнхүү Үйлдвэрчний эвлэлийн холбооныхны дээрх саналыг төрийн эрх баригчид хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээндээ орж, холбоонд нэгдсэн олны хүчээр жагсаал, цуглаан хийж болно гэдгээ илэрхийллээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж