Уламжлалт эмийн үйлдвэрийг татан буулгахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Уламжлалт эмийн үйлдвэрийг татан буулгахаар боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, зарим бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ хурлаар нийт 12 асуудлыг хэлэлцэн зарим обьектыг нийслэлийн хөрөнгө бүртгэлээс хасч, заримыг  татан буулгах шийдвэр гаргасан юм.  Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах /сансарын туннель дээр/ “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгах шийдвэрийг энэ үеэр гаргалаа.

Тус үйлдвэрийн газар нь 1974 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 400 кв/м талбайг хамран оршдог, 22 өрөөтэй хоёр давхар барилга юм. “Энэ үйлдвэр сүүлийн нэг жилийн хугацаанд ажиллагаагүй, Нийслэлийн захиргаатай үйлдвэрлэл, үйлчилгээний гэрээ байгуулаагүй, удирдлагууд нь тайлан бүртгэл хүлээлгэн өгдөггүй. Одоо үйлдвэрт үлдсэн ажилтан гэвэл захирал, нягтлан бодогчоос өөр хүнгүй, үйлдвэрийн ганц тамгатай газар байгаа. Тиймээс энэ үйлдвэрийн газрыг татан буулгах асуудлыг оруулж ирлээ” гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлсэн. “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгах асуудалд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оролцогсод санал зөрөлдөж байсан. Энэ үеэр одоо байгаа үйлдвэрээ менежментийн өөрчлөлт хийгээд аваад явсан нь дээр юм биш үү гэсэн саналыг хэлж байсан ч НИТХ-ын тэргүүлэгчдийн олонхийн саналаар тус үйлдвэрийн газрыг татан буулгахаар болсон юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж