Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй юм.

Тухайлбал, гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт хамаарах зардлыг танасанд УИХ-ын нэр бүхий гишүүд шүүмжилж байна. Мөн энэ мэт асуудлаар ажлын хэсгийнхнээс тайлбар авах шаардлага үүсч байгаа ч хуралдааны дэгийн тухай хуулиар боломжгүй гэсэн тайлбарыг УИХ-ын Тамгын газрын зүгээс өгсөн нь эргээд дэгийн хууль зөрчигдөж байна гэх үгийг УИХ-ын даргад дайхад хүрэв.

Мөн төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэлт танилцуулсан юм. Тус бүлэг ирэх оны төсөвтэй холбогдуулж, дараах саналыг гаргажээ. Үүнд Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн 2 жилд хурдацтай өслөө. Тухайлбал, зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсвийн төсөлд 19 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүний 75 хувь буюу 536,4 тэрбум төгрөг нь Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүгийн төлбөр байна. Дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг шингээх чадвар, эргэн төлөх хугацаа, хүүгийн зардлыг харгалзахгүйгээр ирэх жил шинээр 1,8 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах нь дахин санхүүжилтийн томоохон эрсдэлийг бий болгоно. Тиймээс үнэт цаас шинээр гаргах хэмжээг хамгийн доод түвшинд хүртэл хязгаарлах замаар зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулж, урсгал зардлыг хэмнэх арга хэмжээ авах шаардлагатай.

Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардлыг 627,6 тэрбум төгрөг тусгасан нь 2014 оныхоос 45 хувиар буюу 515,6 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Өөрөөр хэлбэл, 2015 онд төсвийн хөрөнгөөр шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй, өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа ч дуусгаж чадахгүй нь тодорхой болж байна. Иймд хөрөнгө оруулалтын зардлыг хамгийн багадаа 2014 оны түвшинд хүртэл нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ. Мөн 2015 оны Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад төсөвт өртөг нь 76 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн 15 барилга, байгууламжийг Засгийн газраас оруулж ирсэн. Эдгээр объектыг 2015 оны төсөвт “0.0” дүнтэйгээр суулгаж Үндэсний аудитын газраар шалгуулснаар 2015 төсвийн тодотголоор санхүүжилтийн дүнг батлахыг санал болгоод байна.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, бүлгийн дарга С.Бямбацогтын дохиогоор кноп дарж саналаа хамгаалах байдлаар төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж