Мөрдөн байцаалтын явцад гадаад улсруу оргон зайлсан гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг АТГ-аас эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтаас их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа юм. Жишээлэхэд, 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосмал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт сэжиглэж буйгаа АТГ-аас мэдээлсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “Б.Энэбишийн оршин суугаа улс орныг ямартай ч олсон. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагааг удахгүй эхлүүлнэ. Б.Энэбиш нь мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан атлаа хэвлэлээр эх орондоо байгаа мэтээр элдэв ярилцлага нийтлүүлж яваа нь тун увайгүй үйлдэл юм” гэлээ.
Дашрамд, Б.Энэбиш нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа” Намайг “улаан хувьсгалаас дүрвэж гарсан цагаантны дүрд” оруулаад, одоо үеийнхээр бол “Сноуден” маягийн болгоод байгаа юм аа даа, янз нь. Миний бие ямарваа нэг гэмт хэрэг, үйлдэл хийгээгүй бөгөөд зугтаж гарсан зүйл байхгүй” гэж дурдаж байсан аж.
Д.ЖАРГАЛ