ҮЗХ Р.Амаржаргалыг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

ҮЗХ Р.Амаржаргалыг дэмжих үү?

Шинэ Ерөнхий сайдыг тодруулахтай зэрэгцэж эрх баригч хүчнийхэн дунд ан цав үүсэв. Уг нь бүлгийн гишүүдээс “Ардчилсан намд ан цав үүсээд байна. Үүнийг ангал болгож болохгүй, бид нягтарч эвтэй байх ёстой” гэдгийг өчигдөр болсон бүлгийн хуралдааны үеэр хөнджээ. Гэвч энэ үгийг нь сонсч тунгаах ёстой “Алтан гадас- фракцийнханаас ганц л төлөөлөл байсан гэх. 

Олонхийн бүлэг нь 35 гишүүнтэй ч 27 нь дээрх хуралдаанд оролцож, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэнийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, найман гишүүн эзгүй байсан нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлдэг фракцийнхан юм. Хуралдаан эхлэх үед УИХ-ын гишүүн С.Баярцогт, Р.Гончигдорж нар ирсэн ч буцаж гарч, УИХ-ын гишүүн Г.Батхүү л фракцийнхнаа төлөөлж хуралд оролцжээ.

Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь унах хүртэл шүүмжилсэн эрхмийг бүлгээс дэмжлэг үзүүлж, нэр дэвшүүлэх болсонтой тэд эвлэрээгүй хэрэг биз. Гэвч улстөр, эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн хямралаас гаргах итгэлийг гагцхүү Р.Амаржаргал гэх улстөрч хүлээж буй бол цөөнх нь олонхийн саналаа хүндэтгэдэг зарчмыг барихаас яалтай.

Нөгөөтэйгүүр, бас нэгэн ойлгомжгүй асуудал үүссэн нь УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн явдал. Аль ч улстөрийн нам сонгуульд оролцохдоо ялахын төлөө байж, олонхи болбол намын дарга нь Ерөнхий сайд болдог. Энэ ч агуулгаар Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болсон. Харин одоо намынх нь даргаас буулгах санаархлаа “Шонхор”-ын тэргүүн ийн ил тодоор зарласан нь “бялуу хуваах” тохироог АН-ын фракциуд “Алтан гадас”-ыг оролцуулалгүйгээр шийдсэн юм биш байгаа гэх хардлага руу хөтлөв.

Дээр нь Ардчилсан намын Хяналтын зөвлөлөөс “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгдлээ. Энэ тохиолдолд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан руу бүлгээс гаргасан саналыг оруулахад дэмжлэг хүлээх үү гэдэг эргэлзээг дагуулаад байна. 

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан маргааш зарлагдсан. Нийт 228 гишүүнтэй ч 40 гаруй нь төрийн албан хаагч болсон тул оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж, өнгөрсөн долоо хоногт болсон ҮЗХ-ны хуралдаанд суугаагүй. Ингэснээр 170 гаруй нь дээрх хуралдаанд оролцсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг тодруулах энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааны ирц өмнөхөөсөө нэг их өөрчлөгдөхгүй байх боломж бий. Гэвч УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх итгэлийг ҮЗХ-ны гишүүд нь хүлээлгэх үү гэдэг хамгийн анхаарал татсан асуудал юм.

Тус хорооны гишүүд дэх фракциудын тоог тандвал, “Алтан гадас” 60 орчим гишүүнтэй юм байна. Нам дотроо л хамгийн нөлөөтэй гэсэн үг. Гэхдээ дан ганц өөрсдийн фракцид найдвал алдаа болно.

Сая болж өнгөрсөн ҮЗХ-ны хуралдааныг намын даргаараа удирдуулаагүй нь гишүүдээс санал хураах үед олонхийн дэмжлэг хүлээж чадаагүйтэй холбоотой аж. Хамгийн олон саналыг Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар авснаар тус хуралдааныг даргалжээ. Энэ тохиолдолд АН-ын дарга заалнаас Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлэхэд дэмжлэг хүлээх үү гэдэг асуулт бас хариулт нэхнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж