“Монгол мал” хөтөлбөрт тусгаснаар бол 2012 он гэхэд нийт малын 15-20 хувийг, 2015 он гэхэд 40 хувийг, 2021 он гэхэд 80 хувийг бүртгэх зорилго тавьсан. Малыг ээмэгжүүлэн бүртгэхдээ нэг чихэнд нь ээмэг зүүлгэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодын стандартыг суулгах аж. Эхний зургаан оронтой тоо аймаг, сум, багийн код, дараагийн зургаан оронтой тоо нь малыг ялган тэмдэглэх дугаар нийт 12 оронтой код тус ээмэгт байна. Мал бүхэн хувийн дугаартай. Тэр хувийн дугаар давтагдахгүй. Бүртгэлийн нэгдсэн программыг энэ оны ирэх аравдугаар сар гэхэд бүх суманд суурилуулж дуусгахаар төлөвлөжээ. Бүртгэл гурван түвшинд сумын мал эмнэлэг үржлийн тасаг анхдагч шатанд бүртгэл хийж, бүх сумдын бүртгэлийг аймгийн ХХААЖДҮ-ийн газар зангидаад төв сервер буюу Малын бүртгэлийн үндэсний санд ирүүлэх аж.
Малыг ялган тэмдэглэх хэрэгслийг хаанаас авах вэ гэдэг тухайд энэ жил тендер зарлажээ. Засгийн газрын тогтоолоор бүх суманд мал эмнэлэг үржлийн тасаг байгуулж, 1000 гаруй ажлын орон тоо бий болгосон. Энэ байгууллагын гол үүргийн нэг нь энэ анхан шатны малын бүртгэлийг хийх юм. Ингэснээр мал нэг бүрийг Монгол Улсын тэр аймаг, тэр сумаас гаралтай нь мэдэх боломжтой ба малын эзэн Улаанбаатарт байсан ч өмчийн эзний хаяг, малыг нь маллаж байгаа малчны код бүгд бүртгэгдэнэ. Малын шилжилт хөдөлгөөн тодорхой болж, малын хулгайн гэмт хэрэг бууран алдуул малыг олоход амархан болох юм байна. Мөн мах, сүүний үйлдвэрүүдэд энэ бүртгэлд хамрагдсан малын бүтээгдэхүүнийг л авах ёстой гэдэг шаардлага тавина. Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах хуулиар мал гэдэгт мал, болоод хөдөө аж ахуйн тэжээвэр болох төрөл бүрийн шувуу, цаа буга, зөгий, туулай, нохой, муур орж байгаа юм. Гэхдээ эдгээр амьтдын бүртгэлийг тухайн төрлийн амьтны асуудал хариуцсан холбоо нийгэмлэг, байгууллагууд хийх үүрэгтэй гэнэ. Түүнээс бүх мал, амьтдыг төр ганцаараа бүртгэж чадахгүй ажээ.