Д.Хаянхярваа: Өрийн цоо шинэ менежмэнт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Өрийн цоо шинэ менежмэнт хэрэгтэй

Д.Хаянхярваа: Өрийн цоо шинэ менежмэнт хэрэгтэй

УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-УИХ 2015 оны төсвийн төслийг батлахад хугацаа маш бага үлдлээ. Гэвч хэлэлцүүлэг хийгдэхгүй байна. Энэ тохиолдолд чамбай төсөв батлах боломжтой юу? 

-УИХ хуульд заасан хугацаандаа чанартай төсөв баталъя гэвэл амжихгүй, “гурилдая” гэвэл амжина.  Яагаад ийм байдалд оров гэхээр Монгол Улс өнөөдөр засаглалын хямралд орчихсон. Ерөнхий сайд ч байхгүй, Сангийн сайд ч байхгүй, үндсэндээ Засгийн газаргүй болчихоод байна. Ийм байдалд орчихсон учраас эрх баригч хүчин юун төсөвтэй манатай л байна шүү дээ.

-Засаглалын хямрал руу орчихлоо гэж та хэллээ. Танай бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг төсөв хэлэлцэх үеэр оруулж ирээд бужигнуулчихсан нь өнөөгийн хүндрэлд хүргээд байх шиг?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг цаг хугацаандаа хэлэлцэх ёстой байсан. Нөгөө талдаа МАН-ын бүлгийн хувьд одоо огцруулах хугацаа мөн биш гэдгээр хандаагүй, ажлын хариуцлага алдсан гэдэг агуулгаар асуудлыг тавьсан.  Үнэндээ бол УИХ-ын төвшинд 50-ийн эсрэг 26 уулаа л байгаа.

-Цөөнхийн бүлэг хоёр ч өдрийн турш ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ямар саналуудыг гаргаад байна вэ?

-Бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг “Ирэх оны төсвийг хуульд нийцүүлье” гэж ажиллаж байна. Бүлгээс 219 орчим тэрбум төгрөгийн зардлыг хасах санал гаргасан. Дахиад ажиллавал, цаашдаа ч хасагдах зардлууд бий.

-Тухайлбал, ямар байдлаар зардлуудыг танах боломжтой гэж?

 -Эмнэлэг, цагдаа, онцгой байдлаас бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв дэх шатахууны зардлыг 30 хувиар бууруулахад 5 тэрбум 880 сая төгрөгийн хэмнэлт гарна. Гадаад томилолтын зардлыг бууруулбал 2.9 тэрбум төгрөг, дотоод томилолтын зардлыг 2012 оны төвшинд хүргэвэл 7.0 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардлыг 20 хувиар бууруулахад 14 тэрбум, Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийг танавал 50.3 тэрбум гэх мэт тэвчиж болох олон зардлыг хэмнэх боломжтой. Мөн бүх төвшиндөө орон тоогоо нэмсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын орон тоо, зардлыг 2012 оны төвшинд хүргэснээр 4.0 тэрбум төгрөг, "Цэвэр агаар" сангийн 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг танаж 15 тэрбум болгох бололцоо ч бий.

-Хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх эх үүсвэр дутмаг байгааг эдийн засагчид сануулах болсон. Үүн дээр гарц олсон уу?

-Хөрөнгө оруулалтын тухайд хүнд байгаа. Хоёр жилийн өмнө Засгийн газар төсөв өргөн мэдүүлэхдээ “Авлигажсан төсөв” гэж нэрлээд 200 гаруй обьектыг царцаасан. Гэтэл одоо царцаасан обьектуудаа төсөвт тусгах тухай ярьж байна. Өгөх мөнгө байна уу гэхээр  тодорхойгүй. Мөнгөн дүнг нь сонсохоор 300 гаруй тэрбум төгрөгтэй дүйхүйц обьектын ажил дутуу гүйцэтгэлтэй. Гэтэл 2014 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл одоогийн байдлаар 50-60 хувьтай. 2014 онд дахиад бас гүйцээгүй баахан обьект үлдэнэ. Өөрөөр хэлбэл, ондоо татварын орлого нь биелэдэггүйгээс хөрөнгө оруулалтаа хийж чаддаггүй, энэ онд эхлүүлсэн ажил нь дараа жил өнжөөд тэрний дараагийн жилээс ордог солгой тогтолцоо руу явж байна шүү дээ. Тийм учраас цөөнхийн бүлэг үүнийг эрүүл болгох зарчмын байр суурь барьж байна. Гэтэл эрх баригчид энэ асуудал дээр ямар ч санал санаачлага гаргахгүй байна. Ганц Б.Болор гишүүн л төсвийг боловсруулах ажлын ахлагч гээд бүлгүүдийн дунд харайлгаад л байдаг, цаана нь дэм болж байгаа Засгийн газар, Сангийн сайд алга. Сангийн яамны хэдэн залуус өөрсдийн туршлага дээрээ үндэслээд төсвөө хийж, бүлэг, гишүүдтэй бололцоогоороо уулзаж зохицуулах гээд зорьж явна. Ийм л байдалтай төсөв хэлэлцэгдэж байна.

-Одоо тэгэхээр хэт өөдрөг хөрөнгө оруулалт тавих хэрэггүй гэсэн үг үү?

-Би бүлэг дээрээ ч энэ асуудлаар байр суурь илэрхийлсэн. Жилийн жилд худлаа тоо тавьж, хувийн хэвшлээ татаж унагадгаасаа салах ёстой гэж… Зүй нь бол Шинэ засгийн газар нь байгуулагдаад Сангийн сайд нь томилогдоод обьектуудаа маш тодорхой болгож, төсөвтөө суулгаж өгөөд, хувийн хэвшлийнхээ аль салбарт төрийн дэмжлэгийг авч ажиллах юм бэ гэдгээ тодорхой болговол хэн, хэндээ хэрэгтэй. Харамсалтай нь, тэгж өгөхгүй баахан, горьдлого тээсэн төсөв л баталчих гээд байна. Үүнээс болоод хувийнхан маань төрийн өмнөөс зээл аваад замын ажил, барилгын ажил, гүүрийн ажил, засварын ажил руу орох эрсдэлтэй. Тэр олон ажилд хүрэлцэх мөнгө төрд байхгүй, тийм ч учраас өгч чадахгүй. Түүнээс болоод компани дампуурдаг тогтолцоо нь эдийн засгийг унагаж байгаа. Энэ алдааг ирэх оны төсөвт давтаж болохгүй.

-Цөөнхийн бүлэг Төсвийн байнгын хороотой хэр ойр ажиллаж байгаа вэ. Төсвийн байнгын хорооны дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо төсвийг энэ байдлаар батлахаас аргагүй, дараа нь тодотгол хийчихнэ” гэсэн байсан. Энэ тохиолдолд дахиад л хүлээлт үүсгэх?

– Хуучин алдааг давтах албагүй. Эдийн засаг үндсэндээ зогсчихсон гэж хэлэхэд хилсдэхээргүй байхад энэ чигээр нь баталъя, дараа нь тодотгол хийе гэж хандаж болохгүй. Хуулийн хугацаандаа болж байвал болоо гэдэг байдлаар хандаж бас таарахгүй. Улстөрийн хүчнүүдийн хувьд намын эрх ашиг гэж байх ёсгүй, улс орон хүндэрчихсэн үед аль болохоор улсынхаа эрх ашгийг харж төсөвт хандах ёстой.

-Эдийн засагчдын зүгээс 2017 оноос эхэлж Чингис бонд болоод Хөгжлийн банкны өрийг төлөх учраас 2015 оны төсвөөс эхлэн зардлыг суулгах шаардлагатай тухай ярих боллоо. Энэ асуудлыг бүлэг анхаарч байгаа юу?

-Бид 2011 онд 37 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлж байсан байна. Харин 2015 онд 706 тэрбум төгрөгийг төлнө гэж төсөвтөө суулгаж орж ирж байна. Гэтэл Засгийн газрын бондын зээл 2 их наяд төгрөг, дээр нь 2017 оноос эхлээд Хөгжлийн банк, Чингис бондын 1 их наяд гаруй ам.долларыг төлөөд явна. Монгол Улс өрийн далайд живчихээд байна. Засаг байгуулагдаад, төсөв батлагдаад авбал шинэ он гарангуут өрийн асуудлыг УИХ хэлэлцээд өрийн цоо шинэ менежмеэнтээр ажиллаж, концепци гаргаж, Өрийн удирдлагын тухай хуулиа баталж, төлөх тооцоогоо одооноос хийхгүй бол Монгол орон бүхэлдээ гадны том банк санхүүгийн байгууллагын эрсдэлтэй тулна. Цааш нь хөндөж яривал улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ийм асуудлыг тухайн үедээ “Болно, бүтнэ” гэж хөнгөн хуумгай хандаж болохгүй. Энэн дээр МАН-ын бүлэг дээр тодорхой саналууд гарч, фонд бүрдүүлэх талаар ярьж байна.

Мөн цөөнх “Чи өр тавилаа, улсыг өрөнд унагалаа” гээд эрх баригчдыг чичлээд суудаг, АН-ынхан нь “Бид тэгээгүй” гээд цэцэрхээд суух асуудал биш. Яагаад гэвэл энэ нь зөвхөн АН, МАН-ынхантай холбоотой асуудал биш, Монголын ард түмний өр болж хувирчихаад байна. Тийм учраас эх оронч сэтгэлээр хандаж нэн яаралтай арга хэмжээ авах ёстой.

-Таныхаар бол он гаргаад асуудлыг ярилцах ёстой гэж үзээд байдаг. Гэтэл эдийн засагчид 2015 оны төсвийн төсөлд бондын өрүүдийг суулгаад явахгүй бол оройтно гэх?

-Мянга яриад өнөөдөр бүтэх боломж алга. Төсөвт суулгасан юм алга. Бид энэ төсвийг танаж, урсгал зардлыг багасгах, нэмэгдчихсэн данхгар бүтцийг цомхотгох гээд тооцоо судалгаа хийгээд сууж байна. Гэтэл ийм юм хийх Засгийн газаргүй болчихоод байна шүү дээ. Тийм учраас оны өмнө энийг төсөвтөө суулгана гэвэл худлаа. Яагаад гэвэл, энэ төсвийг зөв эрүүл явуулъя гэсэн бол эхлээд 2014 оны төсвөө тодотгох ёстой байсан.

-Төсвийг алдалгүй батлахгүй бол болохгүй гэж байгаа. Боломж байна уу?

-Төсвийг алдагдалгүй батална уу, алдагдалтай батална уу гэдэг нь хамгийн чухал биш. Төсөв бодит амьдрал руу дөхөж очиж, батлагдах ёстой. Төсвийг шахаж, алдагдалгүй баталж болно, гэхдээ эерэг, сөрөг ямар үр дагавар гарах вэ гэдгийг маш сайн зөв тооцох ёстой. Маш бага алдагдалтай, аль болох үр дүнтэй хэрэгжихээр л батлах нь зөв.

-Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх нь буруу, хариуцлагаас бултах нэг арга нь гэж шүүмжлээд байсан. Хотын дарга мөн татваруудаа нэмэхээс аргагүй гэсэн.  Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Хуулиа буцаагаад татсан учраас хуучнаараа батлагдана.

-Төсөв илүү амьдралд ойртож байна гэж ойлгож болох уу?

-Ойртуулах гэж оролдож байна. Гол нь цөөнхийн бүлгээс гаргасан саналыг олонхийн бүлэг хүлээж авах уу гэдэг тусдаа асуудал шүү дээ.

Г.ДАРЬ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж