“Тэнгэрлэг гэр бүл”-ийг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

“Тэнгэрлэг гэр бүл”-ийг шалгаруулав

Монголын эмэгтэйчүүдийн хол­бооны Дорнод аймгийн салбар зөвлөлөөс “Тэнгэрлэг гэр бүл” шал­гаруулах үйл ажиллагааг энэ жил тав дахь удаагаа зохион байгуулжээ. Ёслолыг нээж МЭХ-ны Дор­нод аймгийн салбар зөвлөлийн дарга хатагтай Ц.Сарантуяа, айм­гийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох нар үг хэлснээр эхэл­сэн. Олон жил ханилан, үр хүүх­дүүдээ сайн сайхан өсгөн хүмүү­жүүлж, мэдлэг боловсролтой, ажилч хичээнгүй иргэдийг төлөвшүүл­сэн есөн  гэр бүлд 2011 оны “Тэнгэрлэг гэр бүл” өргөмжлөл, энгэрийн тэм­дэг гардуулсан байна. Энэ жилийн “Тэнгэрлэг гэр бүл”-үүдээс хамгийн олон жил ханилсан нь Цагаан-Овоо сумын С.Өлзийбат, Л Санжидмаа нар байсан. Хоёр буурай эдүгээ наян насны босгыг даваад байгаа аж. Тэд зургаан хүүхэд төрүүлж өсгөн, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн буянтнууд. Тэдний хүүхдүүд ач, гуч, зээ, зээнцэр гээд бараг 30 гаруй хүн ирсэн харагдсан. Жаран жил ханилсан тэдний том хүү нь гэхэд 58-тай. Ийнхүү инээд хөөр, басхүү уярал догдлолтой нэгэн өдрийг олон сайхан гэр бүл дурсамж дүүрэн өнгөрөөлөө.

Арга хэмжээний үеэр хөгжмийн сургалттай арванхоёрдугаар сургуулийн бяцхан сурагчид ая дуу, бүжгийн үзүүлбэрүүдээ сонирхуулсан. Мөн ирсэн зочдоос үндэсний хувцсаараа өвч гоёсон гэр бүлийг тодруулж Ц.Сарантуяа дарга дурсгалын зүйл гардуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж