Аймгийн иргэний танхим “XXI зууны жишиг хороолол”-ын тухай анхны хэлэлцүүлгээ хийсэн байна. Энэ хороолол нь Улиастай хотын “Өгөөмөрийн ам”-нд энэ сараас шинээр баригдаж эхлэх бөгөөд шинэ хорооллын тухай мэргэжилтнүүд танилцуулж иргэд сонирхсон асуултдаа тодорхой хариулт авсан юм. Энэ үйл ажиллагаанд оролцсон иргэдийн олонх нь хэн нэгнээр дамжуулахгүйгээр өөрийн санал бодол, байр сууриа илэрхийлж, асуудлаа хамтран шийдэж, гаргасан шийдвэрээ төрийн болон орон нутгийн эрх барих дээд байгууллагын шийдвэр болгохоор хүргүүлж, хэрэгжилтийг хянаж, эрхээ бодитоор эдлэх боломжтой болж байгаад баяртай байлаа. Түүнчлэн цаашид Иргэний танхимаа байнгын тогтмол ажиллагаатай байлгаж, иргэдийнхээ санал бодлыг сонсч, бодит ажил болгох, цаг үеийн ажил асуудлаар олныг хамарсан хэлэлцүүлэг хийж, ил тодоор иргэддээ мэдээлж байх тухай саналаа хэлцгээлээ.
Иргэний танхим нээгдлээ
Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт Иргэний танхимын нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын ажлын албаны дарга Д.Аззаяа оролцож, Иргэний танхимын үүрэг зорилго, ач холбогдлын талаар тодорхой танилцуулжээ. Аймгийн Засаг дарга Я.Санжмятав нээлтийн үеэр хэлэхдээ “Иргэдийн амьд харилцааг үүсгэн төлөвшүүлэх, та бүхний үнэтэй санал бодлыг сонсч, иргэд төр засгийнхаа хооронд гүүр болон ажиллахаар энэхүү иргэний танхимыг нээж байна” гэв.
Б.Мягмарсүрэн