“Р.Амаржаргал хямралаас гаргаж чадна”

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

“Р.Амаржаргал хямралаас гаргаж чадна”

Шинэ Засгийн газрын тэргүүнийг тодруулахаар хоёр өдөр үргэлжлэн хуралдсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөж, шийдвэрийг тус бүлгийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар дөнгөж сая хэвлэлийнхэнд танилцууллаа.

Бүлгийн хуралд гишүүдийн ирц хангалттай байсан бөгөөд санал хураалтад 27 гишүүн оролцсон байна. Санал хураалтад оролцсон гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлснийг дэмжсэн гэж бүлгийн дарга хэллээ. Мөн тэрээр “Улс оронд тулгамдсан асуудлыг ард түмэн, улс орныхоо эрх ашигт нийцсэн, шийдвэр гаргах зайлшгүй торгон ирмэг дээр ирсэн гэдгийг бүлгийн бүх гишүүд мэдэрсэн явдал байлаа. Тийм учраас энэ хямралаас гаргаж чадах бидний дундах чадварлаг боловсон хүчин нь Р.Амаржаргал гишүүнийг хэмээн итгэж, нэгдмэл саналаа илэрхийлж, ямар нэг зөрчилгүйгээр нэгдсэн шийдвэрт хүрсэн. Ард иргэдийн олонхи ч ийм бодолтой байгаа болов уу гээд одоо энэ саналаа Үндэсний зөвлөлдөх хороонд танилцуулах болно” гэлээ. Тодруулбал, бүлгийн шийдвэрийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Үндэсний зөвлөлдөх хороонд уламжлах юм байна. Түүнчлэн Засгийн газрыг байгуулах асуудлаар бүлгээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг томилжээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн УИХ-д суудалтай намуудтай Засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээг эхлүүлэх аж.

Үүний дараа сэтгүүлчид Д.Эрдэнэбат даргаас дараах асуултад хариулт авлаа.

-Намын дарга бүлгийнхээ хуралд оролцсон уу. Нийт 35 гишүүнтэй ч 27 гишүүн оролцсон гэх?

-Санал хураалтад 27 гишүүн оролцсон. Анх нийт 30 гишүүн ирсэн байсан. Тэднээс 27 гишүүн санал хураалтад оролцсон. 27 гишүүн бол Ардчилсан намын бүлгийн дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа учраас санал хураалт бүрэн явагдсан гэж тооцож болно.

-Засгийн газар байгуулах асуудлыг бүх намуудад тавих уу?

-Бүх намуудтай зөвшилц гэдэг үүргийг нам өгсөн.Тэгэхээр парламентад суудалтай бүх намуудад санал тавих нь зайлшгүй.

 -Засгийн газрыг унагах кноп дарсан гишүүдийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэдгийг намын дарга тань мэдэгдсэн?

-Энийг намын даргын байр суурь гэж үзнэ. Намын дүрмээр харилцаа өөр, бүлгийн дүрмийн харилцаа бас өөр. Бид өнөөдөр бүх асуудлыг бүлгийнхээ дүрмийн хүрээнд шийдээд явж байгаа. Бүлэг 35 гишүүнтэй бүрэн эрхтэй, бүгдээрээ тэгш эрхтэй, УИХ-ын гишүүд байдаг. Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргасан тогтоолд Ерөнхий сайдыг тодруулах болон Засгийн газрыг байгуулах асуудлаарх УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөж, ҮЗХ-ны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт зөвшөөрсүгэй гэсэн. Яг энэ хүрээнд явж байгаа. Энэ зөвшөөрлийн дагуу Ерөнхий сайдыг тодрууллаа. Үүнийгээ ҮЗХ-нд танилцуулна.

-Бүлгийн шийдвэр, ҮЗХ-ны хуралдаан дээр унавал яах вэ?

-Тэрийг хэлж мэдэхгүй. Хурал, намын шийдвэр хоёр тусдаа явж байгаа. Гэхдээ ийм шийдвэр гарахгүй болов уу гэж найдаж байна.

-Р.Амаржаргал гишүүн эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөр танилцуулсан болов уу?

-Улстөрийн нөхцөл байдал, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар өөрийн дүгнэлтээ нэлээн сайн тодруулж ярьсан. Бүлэг дээр ярилцаад маргаашнаас эхлээд өнөөдрийн бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулъя гэж шийдсэн.

-Намын дарга нь дараагийн Ерөнхий сайдаа нэр дэвшүүлэх ёстой байсан гэх асуудал ҮЗХ-г дахин хуралдуулах үеэр хөндөгдвөл яах вэ?

-Тэрийг ҮЗХ-оо хагална гэдэгт найдаж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж