АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж,  удаан хэлэлцсэний эцэст Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ. Бүлгийн хуралдаанд АН-ын 35 гишүүнээс 27 гишүүн оролцсон аж.  Харин энэхүү хуралдаанд “Алтангадас”-ынхан оролцоогүй байна.

АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд “Манай дүрмээр Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг намын дарга Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж ҮЗХ-нд оруулах ёстой. Шинэчлэлийн ЗГ-аа дэмжиж, АН-ын дүрэм, журмыг тууштай баримталж ирсэн УИХ-ын гишүүдээс би нэр дэвшүүлнэ. Намын даргын хувьд ЗГ-аа огцруулахад оролцсон гишүүдээс нэр дэвшүүлэхгүй" гэж мэдэгдээд байсан юм. Гэхдээ ҮЗХ-ноос УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг дараагийн Ерөнхий сайдыг зөвшилцөн тодруулахыг үүрэг болгосон билээ. 

Ингэснээр АН-ын “МҮДН”-ээс Ерөнхий сайд тодорно гэсэн үг юм.  Харин шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийн хувьд төдийлөн өөрчлөлт орохгүй бололтой байна. Энэ талаар фракцууд ярилцаж тохиролцсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Өөрчлөлт орлоо гэхэд “МҮДН”-тэй Гүйцэтгэх засаглалыг авсантай холбоотойгоор зарим нэг өөрчлөлт гарах бололтой.  Ямартай ч ийнхүү Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний нэр албан ёсоор тодорлоо.

Л.ХАЛИУ

Ринчиннямын Амаржаргалыг товч намтар

Р.Амаржаргал  1978 онд нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Магистрын  зэрэгтэй.

Тэрбээр 1982-1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч,1983-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд,  1990-1991  онд Техникийн  Их Сургуульд багш, 1991-1996 онд Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2000-2004 онд *Амаржаргал* сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Улмаар 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр дараалан 3 дах удаагаа сонгогдоод байна.

 Р.Амаржаргал 1994 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнагдсан. Орос, англи хэлтэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж