Жил бүрийн үндэсний их баяр наадмаар зүлэг ногоон дэвжээнээ жинхэнэ монгол эр хүний зориг тэвчээр, хүн чадал, авхаалж самбааг гайхуулсан олон сайхан баршдааныг бид уулга алдан үздэг билээ. Тэгвэл бөх үзэх зуур зарим гярхай үзэгчид орчин цагийн бөхчүүдээс “Хамгийн хамгийн”-ыг нь шилж сонгон, элдэв янзын тодорхойлолтод нэр дэвшүүлж суудаг бололтой. Тиймээс биеийн хүч, оюуны бядаараа бусдаас ялгарсан бөхчүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.
ХАМГИИН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ БӨХ
Зарим бүсгүй бөхчүүдийг бүдүүлэг, боловсролгүй гэж гоочлох нь бий. Гэтэл манай бөхчүүд дунд 2-3 дээд сургууль төгссөн, хэнээс ч дутахааргүй боловсрол мэдлэгтэй бөх цөөнгүй байдаг ажээ. Тэр дундаас хамгийн өндөр боловсролтой, ажил хэрэгч бөхөөр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ шалгарчээ.
Спортын салбараас түмэн олноо төлөөлөн төр түшилцэж яваа их аварга маань боловсрол мэдлэгээс гадна ухааны цараараа жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа гэдгийг спортод элэгтэй олон хүн хэлж байна.
ХАМГИЙН САЙХАН ГАЛБИРТАЙ БӨХ
Энэ цагийн хүчтэнгүүдээс хамгийн сайхан галбиртай бөхөөр дархан аварга Г.Өсөхбаярыг олон хүн нэрлэжээ. Түүнийг төрсөн байтлаа зурсан юм шиг жинхэнэ бөхийн галбиртай бөх гэж тодорхойлсон нь хүн болгонд өгөөд байдаггүй үзэгчдийн дүгнэлт байх.
Мөн залуу харцага Ц.Содномдорж, А.Бямбажав нарыг мөн сайхан биетэй бөхчүүдээр нэрлэжээ. Тэд ямарч илүүдэл жингүй, булчингаа жигд хөгжүүлсэн, галбирлаг төрх нь үзэгчдэд их таалагддаг аж.
ХАМГИЙН САЙХАН ХУВЦАСЛАДАГ БӨХ
Бөхчүүдийн олонх нь үндэсний баяраар гарын урыг гайхуулсан өнгө. загварын дээлээр гангардаг ч хамгийн сайхан хувцасладаг бөхөөр хүмүүс ихэнхдээ аваргуудыг нэрлэжээ. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр О.Балжинням аварга, заан Ц.Баярсайхан гээд олон бөхийг нэрлэжээ.
Гэхдээ эдгээрээс энгийн үед ч гэсэн донжтой хувцасладаг бөхөөр улсын гарьд Д.Рагчаа тодорсон байна. Түүний өдөр тутмын хувцаслалт нь хүртэл стильтэй байдгийг гярхай үзэгчид маань аль хэдийн анзаарчихжээ.
Мөн заан М.Өсөхбаяр, начин Д.Лхагвадорж, Ж.Гансүх нарыг цөөнгүй үзэгч сайхан хувцасладаг бөхөөр нэрлэсэн байна.
Э.БЭРЦЭЦЭГ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин