Бичил уурхайчдын тэмүүлэл

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

Бичил уурхайчдын тэмүүлэл

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт “Цагаан цахир”-ын алтны ордын ойр хавьд далд уурхайн жижиг, гар хийцийн “шафт” /босоо ам/ -ууд энд тэнд үзэгдэнэ. Холоос харагдах байдал нь эмх цэгцгүй, ойртоод очвол бүр ч эвгүй. Алт ухаж гаргаж ирэх босоо амны наагуур нь гэр барьсан, машин унааны сэлбэг, түмпэн, сав хөглөрнө. Азаар хүүхэд  тэнд үзэгдсэнгүй. Гэрийн хажууд ухаж гаргаж ирсэн шороон овоолгыг шуудайлан өрсөн байна. Гар хийцийн шафтуудын бэхэлгээ шал нь модон, хуучирч муудсан. Ийм л нөхцөлд бичил уурхайчид алт ухан хоёр нарны хооронд ажиллаж, амьдарч байна.

Миний хувьд энэ алтны орд руу очих боломж олдож, бичил уурхайчид ямархуу байдлаар ажилладгийг ийнхүү үзэж явсан юм. Баянхонгор аймгийн хэмжээнд 166 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байдгаас 66 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл ажээ.  “Цагаан цахир”-ын алтны үндсэн орд  Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 60 км, Баян-Овоо сумын төвөөс баруун урагш 28 км, 2102 метр үнэмлэхүй өндөртэй Цагаан цахир уулаас баруун урагш 2 км зайд оршино.  “Цагаан цахир” алтны орд хамгийн сүүлийн үеийн тооцооллоор 672 кг алтны нөөцтэй гэж батлагдсан юм билээ.  Таамаг нөөц нь үүнээс хэд дахин их гэсэн. 2013 оны жилийн эцсийн байдлаар “Цагаан цахир”-т 30 орчим га газарт 500-аад хүн 50 гаруй нөхөрлөлд нэгдэн бичил уурхайн эрхэлж байгаа талаарх тоймтой тоо байдаг. Нэг нөхөрлөлд 15 хүртэлх хүн багтдаг. Ингэхээр нэг дороо хамт ажиллаж, татвараа төлж, хуулийн дагуу алт олборлодог хүмүүсийн нэгдэл гэсэн үг.

Бичил уурхай эрхлэгчид тогтмол орлоготой болохыг хүсч байна

Нэг хэсэг бичил уурхай эрхлэгчид буюу бидний хэлж заншсанаар “нинжа” нарын тоо 50 мянгад хүрээд байгааг Монголд гадаадын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид хэлж олон нийтийг гайхашралд оруулж байсан. Энэ тоо нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч гадныхны санхүүжилтээ их хэмжээгээр батлуулах гэсэн нэг шалтаг байсан гэж зарим  уурхайчид хэлэх юм билээ. Тэгвэл одоогоор улсын хэмжээнд бичил уурхай эрхлэхийг зөвшөөрсөн 63 талбайд нийт 2000 орчим бичил уурхайчид бүртгэлтэйгээр хувиараа олборлолт хийж байгааг Ашигт малтмалын газраас мэдээлсэн. Энэ бол зөвхөн зөвшөөрсөн бичил уурхай эрхлэгчдийн тоо бөгөөд үүнээс гадуур аливаа бүртгэл, зөвшөөрөлгүй бичил уурхай эрхлэгчдийн тоо тодорхой бус байна. Хэрэв зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгчид байвал нутгийн удирдлагууд, хууль, хяналтынхан үйл ажиллагааг нь шууд зогсооно гэх юм.

Хонгор нутгийнхан “Цагаан цахир”-ын ордын ойр орчимд бичил уурхайчид бөөгнөсөн гэдгийг цөм андахгүй, хувиараа алт олборлоход нутгийн хүмүүсийн үзэл бодол өөр, өөр байх юм. Нэг үеэ бодоход хүмүүс нутаг оронд нь аль нь илүү дээр юм гэдгийг илүүд анхаардаг болсон байна. Сүүлийн жилүүдэд бичил уурхай эрхлэгчдийг илүү цэгцэнд оруулж байгаа. Ингэхдээ нөхөрлөлд нэгтгэн тухайн орон нутгийн бүртгэлд оруулж, хувиараа ашигт малтмал олборлож болно гэж заасан талбайд зөвшөөрөл өгч, олборлуулах болсон. Үүний үр дүн гарч байгааг орон нутгийнхан сайшааж буй. Гэхдээ  бичил уурхай эрхлэгчид нутагтаа олон жил алт ухаад амьдралаа залгуулсан ч нутаг оронд, нийтэд хийж өгсөн зүйлгүй гэдэг нь үнэн. Харин зөвшөөрлөө аваад олборлолт хийж буй компаниудаас нийгмийн хариуцлагыг нь нэхэж, орон нутагт нь хэрэгтэй жижиг ч гэсэн бүтээн байгуулалтыг хүсэх нь дээр гэдгийг хэлэх нутгийн хүмүүс цөөнгүй байлаа.

Нөгөө талдаа бичил уурхайчид юу хүсч байна вэ? Энэ асуултыг асууж явахад, тогтмол орлоготой болж, аюулгүй нөхцөлд л ажилламаар байна гэх юм билээ. Зарим нь нутаг оронд нь зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа алтны компанид орж ажиллах хүсэлтэй байдгаа ч хэлж байсан. Дөрөв, таван жил гар аргаар алт олборлоод практик туршлага маш сайн хэд хэдэн хүн алтны компанид орж ажиллаж байгаатай ч таарсан. Болдог юм байна. Тэгэхэд бичил уурхайчдын ажиллах нөхцөл дээр хэлсэнчлэн бэрх. Цооног руу орохдоо хамгаалалтын малгай тохож, бэхэлгээ зүүж доошоо бууж байгаа ч аюулгүй ажиллагааны стандартыг тэр бүр хангахгүй. Бэхэлгээний утас нь тасрах, ухсан далд уурхайн гүнд нь ямар ч бэхэлгээгүй гээд аюул, эрсдлийг тоочоод барахгүй.  Гар аргаар олборлогчдын ухсан цооногийн гүн 10-50 метр. Цооногын босоо ам руу дөхөж гүн рүү харахаас аймаар. Ёроол нь огт харагдахгүй, амны бэхэлгээт тавцан нь зогсоход тэнцвэргүй учраас холоос өнгийж харах аядана.

Ямартай ч өнөөгийн эдийн засгийн хямралын үед бичил уурхайчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах техник хэрэгслээр бүхэлд нь хангаж чадахгүй ч бичил уурхайчдын өөрсдийнх нь сэтгэхүй аюулгүй орчинд ажиллах нь хамгаас чухал гэдэг рүү чиглэдэг болсон нь сайн тал юм шүү. Туршлага, чадвар, тууштай ажиллах тэмүүлэл байхад аль ч компанид гологдохгүй биз ээ.

  У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж