Питер Морроу: Хувьцаа эзэмшигчид нэг ч удаа ногдол ашиг авч байгаагүй

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Питер Морроу: Хувьцаа эзэмшигчид нэг ч удаа ногдол ашиг авч байгаагүй

ХААН Банкны гүйцэтгэх захирал Питер Морроутой ярилцлаа.

 -Эдийн засгийн “цусны эргэлт” болсон банкууд хүндхэн нөхцөл байдалтай байгаа гэж ойлгож байна. Энэ үйл явцыг Та хэрхэн дүгнэж байна?

– Банк санхүүгийн салбарыг ерөнхийд нь ярих боломжгүй. Банк тус бүрийн нөхцөл өөр учир тусад нь авч үзэх хэрэгтэй байдаг. Үүнд гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөө бий.

-Гэхдээ энэ үед танай банк активаа өсгөж, зээлийн хүүгээ буурууллаа. Хямралыг хэрхэн амжилттай давж гарав?

-Бусдаас онцгойлох зүйл байхгүй ээ. Манай банкны баримталж ирсэн ерөнхий зарчим бол банкныхаа үйл ажиллагааны талаар олон нийтэд нээлттэй байх юм.  Санхүүгийн чухал үзүүлэлтүүд болох өөрийн хөрөнгө болон эх үүсвэрийн үзүүлэлтийг өндөр түвшинд хангаж ажилладаг нь аливаа хүндрэлийг хохирол багатай давж гарах үндэс болж өгдөг. Мөн улс орныг хамарсан өргөн цар хүрээтэй банкны үйлчилгээ үзүүлдэг нь эрсдэлийг зохих түвшинд хянах боломж олгож байгаа юм.

Манай зээлийн багцын тал хувийг хэрэглээний зээл, талыг нь төрөл бүрийн бизнесийн зээл эзэлдэг. Тухайлбал, манай банк өнгөрсөн оны 12 сарын 31-ны байдлаар 184.4 тэрбум төгрөгийн чөлөөт, сул эх үүсвэртэй байсан бол аравдугаар сарын 31-ний байдлаар 382 тэрбум төгрөгийн чөлөөт, сул эх үүсвэртэй болсон байна. Тэгэхээр зээлийн бүтээгдэхүүн болгох бэлэн байгаа мөнгөний эх үүсвэр 200.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй гэсэн үг. Мөн активын хэмжээ эхний арван сарын байдлаар 200.0 тэрбум төгрөгөөр өслөө. Оны эхэнд 82.0 тэрбум төгрөг байсан өөрийн хөрөнгө 97.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Эдийн засгийн хямралын үед банкны хамгийн чухал үзүүлэлтүүд өсөлттэй гарсан нь банкны хувь эзэмшигчид банкаа санхүүгийн хувьд найдвартай байлгах тал дээр байнга анхаарч байгаагийн, нөгөө талаас манай банкны удирдлагын багийнхны үйл ажиллагаа сайн байгаатай холбоотой. Манай банкинд нийт 3800 гаруй ажилтан байдгийн гурав нь л гадаадын мэргэжилтэн шүү дээ. Би ажилтнуудынхаа мөн удирдлагын багийнхаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг.

-Танай банк бизнесийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулаад байгаа. Хүү буурснаар бодит эдийн засагт ямар үр дүн гарна гэж харж байна вэ?

-Өнгөрсөн есөн жилийн хугацаанд зээлийн хүүгээ тогтмол бууруулж ирлээ. Сүүлийн хэдэн саруудад малчны зээл, тэтгэврийн зээл, цалингийн зээл, орон сууцны зээлийн хүүг бууруулсан бол өнгөрсөн долоо хоногоос бизнесийн зээлийн хүүг буулгаад байгаа.

Зээлийн хүү буурснаар эдийн засагт шууд өсөлт авчирахгүй боловч эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахад нэмэр болно. Үүний үрээр тодорхой хугацааны дараа эдийн засагт эерэг нөлөөг үзүүлэх нь ойлгомжтой. Эдийн засаг сайжирвал бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэнэ. Үүнтэй уялдаж зээлийн эрэлт нэмэгдэнэ. Хүү бууруулсан явдал нь маш чухал анхны алхам гэж тооцож байна. ХААН Банкны хувьд эх үүсвэр болон өөрийн хөрөнгийн үзүүлэлт сайтай байсантай холбоотойгоор зээл болон харилцах хадгаламжийн хүүг аль алиныг нь бууруулж чадсан бөгөөд бидний авч буй энэ арга хэмжээг бусад банкууд дэмжин хамтрах болно гэдэгт итгэлтэй байна. Ингэж чадвал бид хамтдаа илүү өргөн хүрээнд хүүг бууруулна.

Монголд хүү өндөр байна гэж хүн бүх хэлдэг. Харин хүүг буулгахад ямар нөхцөл вэ гэдэг тал дээр ойлголт бага байдаг. ХААН Банкны хувьд өөрийн хөрөнгийн хувьд хангалттай байгаа, эх үүсвэр сайтай байгаа зэрэг зээл олгох, хүүг бууруулах таатай нөхцөл бүрдсэн байгаа тул зээлийн хүүг болон депозитийн хүүг буулгах боломжтой байгаа юм.

-Банкууд томоохон зээлээ зогсоосноос үүдэж үйлдвэрлэл болоод эдийн засгийн секторын хөрөнгө оруулалт нэг хэсэг зогссон. Үүнээс үүдэж барилгын салбар ч хүнд байдалд орсон. Танайх ч мөн ийм арга хэмжээ авсан байх, тийм үү?

-Манайх зээл олгох үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Гэхдээ тодорхой хязгаарлалт хийсэн. Эдийн засагт бий болсон энэ үйл явцыг ерөнхийд нь гурав хувааж болно.

Нэгдүгээрт, системийн хэмжээнд сүүлийн жилүүдэд өндөр өсөлттэй байсан учраас зээл чөлөөтэй олгож байлаа. Өнгөрсөн оны эхээр инфляци 32 хувьд хүрч, төгрөгийн ханш суларсан. Энэ үед Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого барьсан. Үүнээс үүдэж банкны системд эх үүсвэрийн хомсдол үүсэж банкууд зээлээ зогсоосон шүү дээ. Манай банк өмнө нь сар бүр 50.0 гаруй тэрбум төгрөг зээлийн эргэх төлөлтөөр орж ирдэг, үүн дээрээ нэмж эх үүсвэр хуваарилан зээл олгодог байсан бол тухайн үеийн нөхцөлөөс шалтгаалж түүнээс арай бага хэмжээгээр зээл олгож эхэлсэн юм. Тиймээс ХААН банк зээл олгох үйл ажиллагаагаа огт зогсоогоогүй гэж хэлж болно.

Хоёрдугаарт, 2009 оны эхний улиралд эх үүсвэр ХААН Банк руу мөн адил орж эхэлсэн. Гэхдээ энэ оны эхний улиралд томоохон хямрал болно, банкууд дампуурна гэх цуу яриа гарч, Монголын санхүүгийн зах зээлийн эрсдэлийг тооцоход хүндрэлтэй болсон. Тиймээс эрсдэл дагуулсан энэ үед банкууд зээл их хэмжээгээр олгохгүй байсан.

Гуравдугаарт, өнгөрсөн зургаадугаар сард эдийн засгийн хямралыг хүндрэл багатайгаар туулж гарлаа гэж дүгнэх боломжтой болсон төдийгүй эх үүсвэр ч өссөн. Иймээс ХААН Банк зээлээ олголтоо нэмэгдүүлж, зээлийн бүх бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж байна.

-Барилга барьсанд нь ч, худалдаж авсанд нь ч зээл олгосноос болж ийм мухардмал байдалд орсон гэж зарим эдийн засагч тайлбарладаг. Тухайлбал, барилгын салбарын хямралаас болж тийшээ хөрөнгө оруулах нь зогссон шүү дээ.

-Манайх барилгын салбарт их хэмжээний зээл олгож байгаагүй. Олон төрлийн зээлдэгчтэй байсан нь манай үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлсэн. Бусдаас нуух ямар нэгэн зүйл бидэнд байхгүй. Тиймдээ ч нийт өрхийн 80 хувь нь манай банкинд итгэж бидэнтэй харилцаж байгаа.

-Зээлийн хүү өндөр байгаа нь бизнес эрхлэгчдэд томоохон дарамт болдог. Жилийн 24 хувийн хүүтэй тэнцэх хэмжээний ашигтай бизнес байхгүй гэж үйлдвэрлэгчид бухимддаг.

-Зээлийн хүү өндөр гэдгийг хүн бүхэн ярьдаг. Харин зээлийн хүүг буулгах нөхцөлийн талаар ойлголт бага. Би дээр хэлсэн, зээлийн хүү юунаас болж өндөр байна вэ гэдгийг сайтар ойлгож буулгах арга хэмжээнүүдийг авах нь зайлшгүй чухал юм.

-Банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө шаарддаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид барьцаалах хөрөнгөгүй учраас бэрхшээлтэй байдаг. Барьцаагүй зээл авах
боломж бий юү? 

-Өнөөгийн нөхцөлд барьцаа хөрөнгөд тулгуурласан зээлийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм. Нэг талаас арилцжааны банкны үйл ажиллагаа 10 гаруй жилийн настай, нөгөө
талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дөнгөж мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу тайлан балансаа гаргаж эхэлж байгаа.

-ХААН банкны зээлийн багцын дийлэнхийг жижиг зээл эзэлдэг. Тухайлбал, малчдын зээл байна. Малчид зээлээ төлж чадахгүйгээс Монголын малын дийлэнх нь танай банкны барьцаанд бий гэсэн. Үүнийг шийдэхийн тулд ямар бодлого барих вэ?

-Малчны зээл болоод тэдний амьдралд манай банкны гүйцэтгэж буй үүргийг ташаа мэдээлээд байгаа нь харамсалтай. Нийт зээлийн 10 орчим хувийг л малчдад олгосон байгаа. Гэхдээ малчдын маань 90 гаруй хувь нь зээлээ цаг хугацаандаа төлж байгаа. Ноолуурын үнэ ханш хоёр жил дараалан унаснаас тодорхой хэмжээний бэрхшээл гарсныг үгүйсгэхгүй.

-Малчдын зээлийн асуудлыг шийдсэн гэж ойлгож болох нь ээ?

-Одоогоор малчдын хугацаа хэтэрсэн зээлийн хувь мөнгөн дүнгээр 10 хүрэхгүй,  зээлдэгч малчны тоо 6000 хүрэхгүй байгаа бол хугацааг нь сунгасан зээл үүнээс ч их байгаа.

Зээлдэгч тус бүр дээр нөхцөл нь харилцан адилгүй учраас түүнээс хамаарч шийдвэрлэх арга нь өөр өөр. Бүгдийг нь шийдвэрлэсэн гэж хэлэх боломжгүй. Малчны зээл дунджаар 1.0 сая төгрөг байдаг. Манай аймаг, сумдын тооцооны төвийн эрхлэгчид нутгийнхаа малчдыг сайн мэддэг тул зээлдэгчтэйгээ илүү ойртож ажилладаг юм.

-Жижиг зээлд илүү анхаардаг нь эрсдэлийн хамгаалалт гэж үзэж болох уу?

-Манай банк 488 салбар, тооцооны төвөөр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энгийн иргэд, тэтгэвэр авагчид, цалингийн зээлдэгч, жижиг бизнес эрхлэгч, ченжүүд, худалдаачид, малчид гээд янз бүрийн давхаргын харилцагчтай. Олон төрлийн жижиг зээлийг ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэдэг утгаараа нэг зээлдэгчид оногдох эрсдэлийн хувь багасдаг. Энэ нь манай банкны онцлог болов уу. Олон жижиг зээл олгох зардал нь цөөн тооны томоохон зээл олгох зардлаас харьцангуй бага. Гэхдээ 3800 ажилтан, онлайн сүлжээнд холбогдсон 488 салбар, тооцооны төвийн үйл ажиллагааны зардал маш өндөр шүү дээ.

 -Гаднын хөрөнгө оруулалттай банкны цаана хэн байгаа нь тодорхойгүй байдаг. Харин танай банкны хувьд?

-Банк анх хувьчлагдсанаас хойш хувьцаа эзэмшигчдийн тухай мэдээлэл ил тод байж ирсэн. Манай вэб руу ороод мэдэх боломжтой. Хувьцаа эзэмшигчид нэг ч удаа ногдол ашиг авч
байгаагүй. Эргэн хөрөнгө оруулалт болгож банкиндаа оруулдаг. Иймээс манай банк үйл ажиллагааныхаа хүрээг байнга тэлж, олон салбар, тооцооны төвийг нээж, ард иргэдийн ихэнх хувьд хүрч үйлчилж чадсан юм.

-Цаашид зээлийн орчинг илүү сайжруулахын тулд яах ёстой гэж боддог вэ?

– Монголд анхаарч үзэх, өөрчлөлт хийх шаардлагатай хэд хэдэн дэд бүтцийн асуудал байдаг. Жишээ нь: Монгол улсад хангалттай түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа Зээлийн Мэдээллийн Төв байхгүй байгаа тул зээлдэгчийн зээлийн түүхд дүн шигжилгээ хийхэд бэрхшээлтэй байдаг. Одоогоор энэ чиглэлээр нэлээд хэдэн банк, Монголбанк болон хөрөнгө оруулагч байгууллагууд Зээлийн Мэдээллийн Төв байгуулах ажлыг эхлүүлээд байгаа. 2-рт үл хөдлөх хөрөнгийн барьцааны талаарх нарийн бүртгэлийн систем Монгол улсад хараахан байхгүй байна. 3-рт: сүүлийн жилүүдэд хууль хэрэгжүүлэх, шүүх тогтолцоонд олон өөрчлөлтүүд гарч, сайжирсан хэдий ч зээл, барьцаа хөрөнгө зэрэг арилжааны хэргийн маргааныг шүүн таслах тогтолцоо нь бүрэн төгс хөгжөөгүй байна. Жишээ нь: ХААН Банкны хувьд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн барьцаа хөрөнгийг хураах шийдвэрийг шүүхээр гаргуулахад 1 жил орчим зарцуулагддаг. Энэ нь зээлдэгчид ашигтай байгаа мэт санагдаж болох хэдий ч хугацаа хэтэрсэн хугацаа, холбогдох нэмэлт зардлуудад Банкнаас тооцох торгууль, дүн нь цаг хугацаа өнгөрөх тусам их болох тул зээлдэгчийн хувьд аль болох эрт хэргийг таслах нь илүү тустай байдаг.

-Зээлийн таатай орчин бүрдэх, жишээ нь мэдээллийн сангийн үйл ажиллагаа хэзээнээс тогтворжино гэж та үзэж байна вэ?

-Ирэх жилээс мэдээллийн сангийн үйл ажиллагаа эхлэх болов уу. Манай банкны хувьд өөрийн зээлдэгчийн мэдээллийн сантай. Гэхдээ зээлдэгч бусад банкинд зээлийн ямар түүхтэй байгаа тухай мэдээлэл шаардлагатай учраас нэгдсэн мэдээллийн сантай болох нь чухал юм.

 -Чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байгаа. Танай банкны хувьд ямар байгаа вэ?

-ХААН банкны чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос өндөр гарсан. Гэхдээ нийт банкнуудын  салбарын /22.6%/ хэмжээтэй харьцуулбал бага. Манай банкны хувьд  өнгөрсөн сарын сүүлийн байдлаар 5.6 хувь байна.

Үүнийг өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдалтай холбож ойлгох нь зүйтэй. Эдийн засаг муу байгаа учраас иргэд, бизнес эрхлэгчдийн зээлжих чадвар сул болж байна.

-Сая танайх таван сая дахь зээлээ олгосон гэсэн. Зээлийн тоонд ач холбогдол өгч байгаагийн цаад учир нь юу вэ?

-Банкны салбарт манайх харьцангуй олон тооны зээлийг хот, хөдөөгийн төрөл бүрийн харилцагчдад олгож ирсэн. Зээлийн тоо нэмэгдэж байгаа нь тухайн нэг бүлэг, харилцагч нарт бус, олон нийтэд зээлийн үйл ажиллагаа маань хүрч, бизнесээ өргөжүүлэх, аж амьдралаа сайжруулах дэмжлэгийг олгож байгаа гэж дүгнэх нь зөв байх.

-Монголбанк бодлогын хүүгээ гурван удаа буулгалаа. Гэхдээ энэ нь зээлийн хүүтэй сайн уялдахгүй байх шиг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Монголбанк зөв бодлого баримталсан гэж боддог. Бодлогын хүүгийн энэ бууралт нь арилжааны банкуудын хүүг шууд бууруулахгүй ч энэ чиглэл рүү хөтөлнө гэж бодож байгаа. Жилийн өмнө инфляцийг зохих түвшинд хүргэх нь чухал байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж