Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооноос 2014 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд явуулсан магадлан итгэмжлэлийн шалгаруулалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг А статусаар магадлан итгэмжлэхээр болсоноо мэдэгдсэн байна.
Ингэснээр ХЭҮК нь гурав дахь удаагаа А статустайгаар Парисын зарчимд бүрэн нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага болохоо баталгаажуулжээ. ХЭҮБ-уудын Олон Улсын Зохицуулах хороо нь 99 гишүүн байгууллагатай, 5 жил тутамд гишүүдийг магадлан итгэмжлэлд оруулж, А, B, С ангиллаар үнэлдэг аж. А буюу нэгдүгээр зэрэглэлийн статустай хүний эрхийн үндэсний байгууллага нь ОУЗХ-ны албан ёсны шийдвэрүүдийг гаргахад оролцох, санал өгөх бүрэн эрхтэй болдог юм байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2003 онд тус байгууллагад гишүүнчлэлтэй болж, 2003, 2008 онуудад магадлан итгэмжлэгдэж, А статусыг авч байжээ.
Т.ДАРХАН