Гадаад худалдаа ашигтай гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Гадаад худалдаа ашигтай гарлаа

Үндэсний статистикийн хороо өнөөдөр Монгол Улсын сар бүрийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хурлаа хийсэн юм. Энэ удаагийн тайлангийн хурлаар өнгөрөгч аравдугаар сарын үзүүлэлтийг танилцуулсан бөгөөд сүүлийн саруудад онцын том өөрчлөлтгүй байсан. Тэгвэл өнгөрөгч аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс гадаад худалдааны дүн мэдээ анхаарал татсан юм.

Монгол Улс сар бүр тогтмол 100-аас илүү оронтой гадаад худалдаа хийж, худалдааны алдагдлын хэмжээ нэг их наядаар тоологддог байлаа. Үүнтэйгээ ч эвлэрчихсэн байсан. Нэгэнт дотооддоо үйлдвэрлэж чадахгүй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ гаднаас авахгүй өөр яах билээ гэсэн сэтгэлгээгээр сүүлийн хэдэн жилийг өнгөрөөв. Жишээ нь, гадаад худалдааны тэнцэл  2013 оны аравдугаар сарын байдлаар 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан юм. Худалдааны тэнцэл улсын экспорт, импортын зөрүүгээр илэрхийлэгддэг тул тухайн үед гаднаас хэр их юм худалдан авсан, гадагшаа хэр зэрэг юм худалдсанаас алдагдал шалтгаална гэсэн үг.

Тэгвэл гадаад худалдаанд сүүлийн жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүлж, ашигтай гарлаа. 2014 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс дэлхийн 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны тэнцэл 131,4 сая ам.долларын ашигтай гарсан нь сүүлийн жилүүдэд онцлох дүн мэдээ болж байна. Үүнээс экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1125.5 сая ам.доллар буюу 32.3 хувиар өсч, харин импорт  866.7 сая ам.доллар буюу 16.2 хувиар буурсан талаар статистикчид мэдээлэв. Экспорт 32.3 хувиар нэмэгдэхэд зэсийн баяжмалын экспорт 1183.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 16.2 хувиар буурахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг байсан авто, агаарын замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх буурсан нь голлож нөлөөлсөн байна.

Ийнхүү урьд нь нэг их наядаар тоологддог байсан гадаад худалдааны алдагдал одоо импорт багасч, экспорт нэмэгдсэнээр 131,4 сая ам.долларын ашигтай гарсан нь онцлууштай ч хоёр талтай.  Гадаад худалдааны алдагдал багассан нь энэ оны эхнээс мэдэгдэж эхэлсэн бөгөөд эдийн засгийн чадамжийг үүгээр тодорхойлж байна гэхэд хилстэхгүй болов уу. Мэдээж зэсийн баямалын экспорт нэмэгдсэн нь сайхан мэдээ. Харин нөгөө талдаа гадаад валюттай тэнцэх төгрөгийн ханш суларснаас сүүлийн жилд Монгол Улс гаднаас авах бараа, бүтээгдэхүүний импортын хэмжээгээ багасгаад байгаа. Эдийн засгийн чадамж муу байгаа тул импортын худалдан авалт багасах нь дамжиггүйг эдийн засагчид тайлбарладаг юм.  Төрийн эрх баригчид эдийн засгийн эерэг үзүүлэлт гэхээр л сүүлийн үед гадаад худалдаанаас хүлээх алдагдал буурсан гэдгийг саймширч хэлээд байдаг ч үнэндээ худалдан авах чадвар ийм л муу байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж