"Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг ДЭМБ-ын байгууллагын санаачлагаар 2009 оноос эхлэн дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдөр тэмдэглэж ирсэн билээ.
Пневмони буюу уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд энэ өвчний улмаас дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд, жил бүр 1.5 сая орчим хүүхэд амь насаа алддаг гэсэн тоо баримт байдаг.
Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа авахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах Дэлхий нийтийн төлөвлөгөө”–г боловсруулж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” хэмээх олон улсын, олон нийтийн байгууллага 2009 онд байгуулагдасан байна.
Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоолсноор 2009 онд 5 хүртэлх насны хүүхдийн дунд пневмоноор үүсгэгдсэн уушгины хатгаагийн 3,212 тохиолдол, менингитийн 25 тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас бардаг байх магадлалтай байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэглийг бууруулах хамгийн үр дүн, үр ашигтай аргын нэг нь пневмонийн эсрэг вакцинаар дархлаажуулах явдал гэж тунхагласан.
Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмонийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.
Т.АНУ