Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнөө жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой тохионо. Иймээс энэ газар нутаг дээр хамтран амьдарч байсан улс орнуудад гүн хүндэтгэлтэй хандаж, ойгоор өндөр хэмжээний зочдыг хүлээн авна гэж бодож байгаа юм. Аюулгүй байдлын салбарт хоёр байгууллага хамтран ажиллаж буйд талархаж байна. Монгол Улс газар зүйн хувьд өвөрмөц байрлалд байдаг. Хоёр том гүрний хооронд, далайд гарцгүй, дээр нь байгалийн баялаг ихтэйгээс том ашиг сонирхлын солбилцолд оршдог. Аюулгүй байдлыг шинэ орчинд авч үзэх, туршлагатай улс орнуудтай санал солилцох нь чухал ач холбогдолтой юм. Таны айлчлал хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаанд үр дүнгээ өгнө гэж бодож байна” гэв. Мөн Турк Улсын Ерөнхийлөгчид өөрийнхөө мэндчилгээг дамжуулахыг хүслээ.
Айлчлалынхаа хүрээнд хоёр улсын ҮАБЗ хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Монгол-Туркийн түншлэл, аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцож, хоёр баримт бичигт гарын үсэг зурна. Энэ нь хамтын ажиллагааг урагшлуулах нэг алхам болно гэж үзэж байна хэмээн ноён С.Кылыч хэлэв.