-Засгийн газрын үнэт цаасны анхны арилжаанд 22 иргэн оролцжээ-
Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах анхны арилжааг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хийжээ. Эл өдөр нийтдээ 4,5 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдсан байна. Үүнээс 400 гаруй сая төгрөгийн үнэт цаасыг аж ахуйн нэгжүүд, 100 гаруй сая төгрөгийн үнэт цаасыг иргэд худалдан авчээ. Өөрөөр хэлбэл жижиглэн худалдаалсан үнэт цаасны 80 орчим хувийг аж ахуйн нэгжүүд, 20 гаруй хувийг иргэд худалдан авсан гэсэн үг юм байна.
Үнэт цаасны анхны арилжаанд 22 иргэн оролцжээ. Ийн иргэд үнэт цаас худалдан авч эхэлсэн нь хүү өндөр, эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж буй хэрэг гэдгийг Сангийн яамнаас тодотгож байлаа. Өнгөрсөн долоо хоногт арилжсан үнэт цаасны хувьд сарын 15,7 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай байжээ. Гэтэл арилжааны банкуудын гурван сарын хугацаатай хадгаламжийн хүү 10-12 хувиас хэтэрдэггүй байна. Нөгөөтэйгүүр Засгийн газрын үнэт цаасыг орлогын албан татвараас чөлөөлсөн байдаг ажээ.
Засгийн газрын үнэт цаасны арилжаа энэ оныг дуустал долоо хоног бүрийн лхагва гаригт явагдах юм байна. Нийтдээ 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг иргэд, аж ахуйн нэгжид худалдахаар төлөвлөжээ.
Д.ЦЭЭНЭ