Нийслэлийн захирагчийн Ажлын алба өнгөрсөн өвөл нийслэлчүүдэд зориулж 12 мянган тонн мах нөөцөлсөн билээ. Өмнөх жилүүдээс харьцангуй их мах нөөцөлсөн нь махны үнийг 3-4 дүгээр сард барьж чадсаныг Дэлхийн банк онцолсон байгаа. Гэхдээ нөгөө талаас махны үнэ хямд болохоор нөөцийн махны борлуулалт муу байх болсон тул холбогдох газар дүүрэг бүрт өргөтгөсөн худалдаа зохион байгуулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны зах зээлийн судалгаа хариуцсан Г.Золбоогоос нөөцийн махны борлуулалтын тухай тодруулахад, “Одоогийн байдлаар агуулахад хоёр мянган тонн орчим мах үлдсэн байгаа. Ерөнхийдөө энэ сардаа дуусчих байх” гэсэн товч хариулт өгсөн юм. Мөн сүүлийн үед нөөцийн мах муудсан, худалдахыг хориглосон гэх мэдээлэл гадуур тархаад буйг нийслэлийн Мэргэжлийн хяналын газрын нөөцийн мах хариуцсан улсын ахлах байцаагч Б.Ганзоригоос лавлалаа. Тэрбээр “Нөөцийн махны агуулах савны орчноос мөөгөнцөр, хөгцний болон бусад нянгийн шинжилгээ авч, шинжилгээний хариуг үндэслэн улсын байцаагч дүгнэлт гаргасан байдаг. Мөн агуулах савнуудаар байнга хяналт шалгалт хийж байдаг. Одоогийн байдлаар нөөцийн мах муудсан, худалдахыг хориглосон зүйл байхгүй. Аж ахуйн нэгжүүдийн агуулах, зоорь харьцангуй сайн байдаг” гэв.
Нийслэлийн хэмжээнд нөөцийн мах борлуулах дэлгүүрүүдийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Б.УНДРАХ