Хонин тоодог шувууны хамгаалалтыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Хонин тоодог шувууны хамгаалалтыг дэмжив

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийн талуудын бага хурал Эквадор улсын нийслэл Кито хотноо энэ сарын 3-9-нд боллоо. Бага хуралд Монгол Улсыг төлөөлж БОНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд оролцов.

Хурлаар Конвенцийн II хавсралтад байсан хамгийн хүнд жин татдаг Хонин тоодог шувууг I хавсралтад оруулж хамгаалалтыг нь нэмэгдүүлэх манай улсын санаачилгыг дэмжсэн байна. Энэ зүйл шувуу нь Зүүн Азийн буюу ОХУ, БНХАУ, Монгол улсын нутаг дэвсгэрт 2000 орчим тоо толгойтой үлдсэн бөгөөд Төв Азид 300 орчим тоологджээ. Энэ зүйл шувууны үржил маш удаан явагддаг аж. Тодруулбал, нэг эм шувууны үр төлөө өгөх чадвартай болох хугацаа нь 10 жил шаарддаг аж. Эхний ээлжинд Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, IUCN-ийн Хонин тоодгийн асуудлаарх бүлэгтэй санал солилцож Нарийн бичгийн дарга нарын газраас эхний ээлжинд олон улсын хурал зохион байгуулах чиглэлээр хөрөнгө босгох ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр болов.

Мөн хурлаар Конвенцийн хэрэгжилтийн бүрэлдэхүүн буюу Байнгын хорооны гишүүнээр Монгол Улсыг сонгож, манай улсын төлөөллийг 3 жилийн хугацаанд Байнгын хорооны орлогч даргаар ажиллах үүрэг хүлээлгэв. Байнгын хорооны орлогч дарга нь жилд нэг удаа болдог Байнгын хорооны хуралдаанд оролцож Конвенцийн хуралдаан хоорондын хугацаанд гарч ирэх асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, Хорооны даргын  эзгүйд орлох хуралдааныг даргалах үндсэн үүрэгтэй аж. Мөн Конвенцийн Санхүүгийн хороонд Азийн бүсийг төлөөлж ажиллажээ.

Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйл нь тэдгээрийн нүүдэллэх экологийн үйл явцынхаа үеэр хэт агнуурт өртөх, идэш тэжээлийн хомсдолд орох, нүүдлийн зам дагуух үржлийн газар нутаг нь алдагдах зэрэг янз бүрийн аюултай тулгарах нь их байдаг. Нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах ажилд олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж үзэн Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийг 1983 оны 11-р сарын 1-нд баталжээ. Монгол улс тус конвенцид 1999 онд нэгдэн орсон байна. Конвенцийн хүрээнд нэгдэн орсон талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт амьдардаг, мөн дайран өнгөрдөг шувууд, далай тэнгисийн болон хуурай газрын сээр нуруутан зүйлүүдийг амьдрах орчных нь хүрээнд хамгаалах үүрэг хүлээдэг. Одоогоор 120 улс орон энэхүү Конвенцид нэгдэн ороод байна.

Д.ДОНДОГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж