“Алс баруун хязгаар болох Ховдын Булган сумын Байтагийн заставт хэдэн сарын өмнө хоёр цэрэг амиа хорлосныг холбогдох газрын удирдлагууд нь тас нууцласан бололтой” гэсэн мэдээлэл зарим сайтаар тавигдаад байгаа юм. Энэхүү мэдээллийг бид холбогдох албаны баттай эх сурвалжаас тодруулахад дэгсдүүлсэн мэдээлэл болохыг тайлбарлаж байна.
Энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Ховдын Булган дахь 131 дүгээр ангид алба хаагч А гэгч цэрэг амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Алба хаагч А нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр баг буюу Цагааннуур багаас цэргийн албанд татагдсан байжээ. Энэ оны эхний ээлжээр цэрэгт татагдан ирсэн, дэд түрүүч цолтой алба хааж байсан байна. Тэрбээр эл өдөр хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа ойролцоох модноос өөрийгөө боомилсон байжээ. Хэргийн газарт Хил хамгаалах газраас дотоод хяналтын багаа ажиллуулсан бөгөөд гадны нөлөө, дарамт шахалт байгаагүйг тогтоожээ. Гэвч хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй ажээ.
Мэдээллийн сайтад бичсэнчлэн өөрийгөө буудаж, хутгалсан хэрэг гараагүй гэнэ. Хилийн цэргийн өөр нэг ангид алба хаагч ахуйн зориулалтаар хутга хэрэглэж байгаад гараа зүссэн хэрэг гарсныг амиа алдсан мэтээр дөвийлгөн бичсэнд харамсаж байгаагаа албаны хүмүүс хэллээ. Гараа зүссэн залуу одоо эрүүл саруул цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байгаа ажээ.
Д.ЦЭЭНЭ