Харин маргаашнаас буюу тавдугаар сарын 24-нд нэлээд тоглоом Хойд Америк болон Европд нэгэн зэрэг нээлтээ хийх ажээ. Ингээд маргааш худалдаанд гарах томоохон тоглоомуудаас танилцуулья. Ингээд FEAR 3. Day 1 studio, Warner Bros Interactive нарын ойрын үеийн томоохон төсөл хэмээн зарлагдаж байсан Fear буюу Айдас хэмээх аймшгийн төрөл жанрын видео тоглоомын 3-р анги маргааш нээлтээ хийнэ. 21-нд Хойд Америкт нээлтээ хийчихсэн ч маргааш Их Британийн зах зээлийг голлон сонгож албан ёсоор нээлтээ хийх аж. Нэг тоглогчийн горимтой first person shooter тус тоглоомыг action тэр дундаа horror чиглэлийн видео тоглоом сонирхогч хүүхэд залуус андахгүй. Хэдийнэ хоёр анги нь гарчихсан. Ийнхүү гуравдугаар ангиа дахин тоглоомын ертөнцөд мэндлүүлж, тоглоомын хорхойтнуудад айдас хүйдэс төрүүлсэн харанхуй орчинд төрөл бүрийн аймшигт махчин, зомби, албин чөтгөрүүдтэй тэмцэлдэж, бодит юм шиг айдсыг мэдрүүлэх мөч айсуй.
Платформын хувьд гурван гол платформ дээр тоглох боломжтой. Мөн басхүү тоглоомын нэгэн онцлог нь гол дүрийн биеийг удирдаж тоглохоос гадна эсрэг дүрийн биед шилжин нэг ёсондоо дүрээс дүрийн хооронд шилжин тоглож болох сонирхолтой элементийг оруулж өгчээ.
Энэ тоглоомыг нэг хэсэг хэтэрхий их аймшиг, цус харуулж харанхуй ертөнцийн айдсаар тоглогч хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн сэтгэл зүйд хортойгоор нөлөөлөх өндөр магадлалтай хэмээн тоглоомын төслийг зогсоох шахсан юм. Харин энэ үед уран бүтээлчдийн зүгээс зарим зүйлийг тоглоомоосоо хассанаар ийнхүү үргэлжлүүлэн бүтээж худалдаанд гаргаж байна.