Өмнөд Африкчууд ДАШТ-ий тасалбарын төлөө шөнөжин дугаарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкчууд ДАШТ-ий тасалбарын төлөө шөнөжин дугаарлажээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад зохиогдох FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Тоглолтын тасалбарыг үе шаттайгаар худалдаанд гаргаж, онлайн хэлбэрээр захиалга аван борлуулж эхэлсэн боловч шигшээ тоглолтоос бусад тоглолтын 500 мянган тасалбар борлогдоогүй үлдээд байсан юм. Харин тэдгээр хагас сая тасалбарыг зохион байгуулагч Өмнөд Африкийн хөлбөмбөг сонирхогчид бэлэн мөнгөөр худалдан авах боломжийг FIFA-гаас олгожээ. Гэтэл тус улсын хэмжээнд супермаркет болон их дэлгүүрт тусгай цэг байрлуулж, хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн дуулиантай тэмцээний тасалбарыг худалдаалах сураг сонссон ард иргэд шөнөжингөө дугаарлаж хоносон байна. Бүр түүнчлэн 64 настай хөгшин нийслэл Кейптаун хотод дугаарлан зогсч байгаад нас барсан тохиолдол ч гарчээ. Тус хотод лхагва гаригийн үд дундаас эхлэн тасалбар худалдаж авах гэсэн хүмүүс дугаарлаж эхэлсэн гэнэ.
Дашрамд дурдахад, FIFA-гийн мэдэгдсэнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2.2 сая тасалбар зарагдаад байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж