-Эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулагчид орж ирэх хууль эрх зүйн болон бусад орчин бүрдсэн үү. Үүнд Монгол Улс хэр бэлтгэлтэй байна вэ?
-Чуулга уулзалтын үеэр бүхий л асуудлаа ний нуугүй ярилцах болно. Тиймдээ ч хөрөнгө оруулагч гадаад дотоодын байгууллага болон төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан чуулганыг хийх гэж байна.
-ТЭЦ-V станцыг барина гэж сүүлийн жилүүдэд ярьсан боловч хөрөнгө оруулагч өнөөг хүртэл тодроогүй байна. Энэ салбарт гадны хөрөнгө оруулагч яагаад орж ирэхгүй байна вэ?
-Үүнд тайлбар хэлэх хэрэгтэй болов уу. Тус станцыг барих асуудлаар 2004 оноос ярьж, 2008 онд анхны тендерийг зарласан. Тендерт 26 компани оролцох хүсэлтээ ирүүлсэн боловч нэг л компани үнийн саналаа ирүүлсэн. Тендер хүчингүй болох гурван үндсэн шалтгаан байсныг өнөөдөр бид шийдэж чадсан байгаа. Тиймээс хөрөнгө оруулагачдад таатай орчин бүрдсэн гэж бодож байна.
-Энэ гурван шалтгаан нь юу байсан бэ?
-Тухайн үед тендер концессын BOT хэлбэрээр зарласан байсан. Гэвч тухайн үед Монгол Улс Концессын тухай хуульгүй байлаа. Харин өнгөрсөн онд ийм хуультай болсон шүү дээ. Мөн үнийн асуудал бэрхшээлтэй байсан. Хөрөнгө оруулсан компани хөрөнгөө гаргаж авах хэрэгтэй шүү дээ. Харин бид шат дараатай арга хэмжээ авч хэрхэн үнийн асуудлыг шийдвэрлэх вэ гэдгээ чуулга уулзалтаар ярих юм. Гуравдугаарт, бичиг баримттай холбоотой асуудлыг байсныг шийдвэрлэсэн байгаа.
-Концессын зүйлийн жагсаалтад эрчим хүчний салбарт бүтээн байгуулах хэдэн төсөл байдаг вэ?
-Тавантолгойн станц, ТЭЦ-V, Эрдэнэтийн дулааны станц гэх мэт 12 зүйл байдаг. Хамгийн эхнийх нь концессын гэрээг бид саяхан байгууллаа. “Могойн гол”-ын цахилгаан станцын концессын төслийг “Шинэ Азиа Майнинг Групп” ХХК гүйцэтгэх болж, уг гэрээг концессын барих-ашиглах- шилжүүлэх төрлөөр, станцыг барьж байгуулахад хоёр жил, ашиглаж, үйл ажиллагаа явуулахад 20 жил нийт 22 жилийн хугацаатай байхаар байгуулсан.
-Хөрөнгө оруулагчдад ямар төслүүдийг танилцуулах юм бэ?
-Эгийн гол болон Сэлэнгэ мөрний түшиглэн байгуулах станц, баруун, зүүн бүсийн станц зэрэг том хүчин чадалтай станцууд дээр хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байгаа. Концессын зүйлийн жагсаалтад байгаа төслүүдийг ч мөн дэлгэнэ.