"Н.Энхбаяр засаг унагаагүй"

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

"Н.Энхбаяр засаг унагаагүй"

"Н.Энхбаяр засаг унагаагүй"

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шинэ Засгийн газрыг байгуулахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь бүх нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөх, мөн аравдугаар сард Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан хоёр намын 2024 он хүртэл хамтрах гэрээг хүчингүй болгох зэрэг шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор бид МАХН-ын дарга ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас дараах тодруулгыг авлаа.

-Шинэ Засгийн газрыг байгуулахдаа парламент дахь нам, эвслийн бүлгүүдтэй эхэлж зөвшилц гэсэн шийдвэрийг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргалаа. Энэ тохиолдолд Шударга ёс эвсэл шинээр байгуулагдах Засгийн газрын танхимд орохгүй болж, МАН-аар солигдох нь уу гэх гаргалгаа хүчтэй яригдах боллоо. Хоёрдугаарт, ҮЗХ-ны хуралдаанаас АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээг хүчингүй болголоо. Эдгээр асуудалд МАХН ямар байр суурь барьж байна вэ. Цаашид яах вэ?

-АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шинэ Засгийн газрыг байгуулахдаа бүх нам, эвслийн бүлэгтэй уулзаж, ярилцах ёстой гэж үүрэг өгсөн. Тэгэхээр ажлын хэсэг нь асуудлаа оруулж ирнэ, бид тэр үед ярина. Дараа нь ҮЗХ дахин хуралдана гэж ойлгож байгаа, Шинэ Засгийн газрыг байгуулах тухайд процесс дөнгөж эхэлж байна.

Гэрээний тухайд, хоёр намын дарга зарим заалтыг өөрчлөх шаардлагатай юм байна гэж үзээд, ажлын хэсэг байгуулж ажиллахаар болж, энэ тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байсан.

Нөгөө талдаа уг гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байсан гэрээ биш.

АН-ын ҮЗХ-ноос уг гэрээг хүчингүй болгосон гэдгийн тухайд, Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон юм болов уу гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс намын дарга Н.Алтанхуягийг дээрх гэрээнд гарын үсэг зурж болно гэсэн эрх өгсөн байсныг ҮЗХ-ны хуралдаанаас хүчингүй болгосон болов уу. Ингэхгүй бол хүчин төгөлдөр үйлчлээгүй гэрээ шүү дээ.

-УИХ-ын дэд дарга Л.Цогийг МАХН-аас хөөжээ гэдэг мэдээлэл цацагдаад байна. Шинэчлэлийн Засгийн газрыг унагах кноп дарсан учраас гэх?

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Л.Цог гишүүний асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ хөөх шийдвэрийг эцэслэн гаргаагүй.

Ер нь бол хуралдаанд оролцсон гишүүд “Намын дүрмийн хүрээнд Л.Цог даргад хариуцлага тооцох ёстой” гэж үзсэн л дээ. Намын дүрэмд зааснаар энэ тохиолдолд тухайн гишүүнд хариуцлага тооцох заалт бий. Тухайлбал, улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэх мэт.

-Гүйцэтгэх зөвлөл хуралдсан хэрнээ эцсийн шийдвэр гаргаагүй нь ямар учиртай юм бэ?

-Хариуцлага тооцох асуудлыг ярихдаа тухайн гишүүнийг байлгаж, байр суурийг нь сонсох ёстой гэж үзсэн. Тиймээс энэ асуудал нээлттэй үлдсэн. Эргэж ярина гэж ойлгох хэрэгтэй.

-Улстөрд үүссэн асуудалтай холбогдуулж, Н.Энхбаяр даргатай та бүхэн холбогдож байгаа байх. МАХН шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахгүй болсон нөхцөлд яах вэ. Мөн Н.Энхбаяр дарга Солонгосоос ирээд Засгийн газрыг унагачихлаа гэx?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс асуудлаа эхлээд ярьж таарна.

Засгийн газар байгуулах тухайд асуудал дөнгөж эхэлж байна гэж би хэлсэн. Ер нь нэг зүйлийг зөвөөр ойлгох ёстой. Засгийн газрыг унагасан асуудлыг хоёр намын байгуулсан гэрээтэй холбож, их мушгиж байна. Н.Энхбаяр дарга Монголдоо ирсэн нь Засгийн газрыг унагахад чиглээгүй юм шүү дээ. Намынхантайгаа дотоод асуудлаа ярилцах, Засгийн газарт хамтарч байгаагийн хувьд Монголоо хөгжүүлэхийн төлөө юу хийх боломжтой вэ гэдгийг ярьсан.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж