Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж нээгдлээ

“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” буюу ажил олгогч, ажилтан хоёрын ашиг сонирхлыг нэгтгэж, амжилтаар үр дүнг нь хэмждэг олон улсад түгээмэл хэрэгжиж ирсэн хөтөлбөрийг Голомт банк Монголд анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Монголын хамгийн шилдэг банкны ажилтнууд банкиндаа эзэн сууж, манай бус миний банк гэсэн сэтгэлгээгээр ирээдүйнхээ амжилтыг хамтдаа бүтээж, хүртэх хувиа өсгөж, хүрэх ирээдүйгээ баталгаажуулахаар болж байна.

“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ тус банк олон улсын арга туршлагыг удаан хугацаанд судалж, гадаад дотоодын мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авч, ил тод байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр хэрэгжүүлжээ.

Саяхан Голомт банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс ажилтнуудынхаа ажилласан жил, банкны амжилтанд оруулсан хувь нэмрийг харгалзан 234 ажилтандаа  хувьцаа эзэмших эрхийг  олгосон бөгөөд цаашид жил бүр цэвэр ашгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг  нэмж гарган ажилтнууддаа хуваарилан олгож байхаар шийдвэрлэсэн байна. 

Ажилтнуудыхаа  орлогыг ижил түвшинд дээшлүүлж, тэдний ирээдүйг баталгаажуулах зорилгоор Голомт банк “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-өөс гадна ажилтан сар бүрийн цалингаасаа тодорхой хувиар хуримтлал үүсгэхэд, түүнтэй нь тэнцүү хэмжээний мөнгийг банкны зүгээс ажилтныхаа нэр дээр хуримтлуулж, улмаар ирээдүйд үр шимээ хүртэх “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулсан юм. Ингэснээр банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжиж чадна гэдгийг батлан харуулж байна.

Ийнхүү Голомт банкны мянга гаруй ажилтанд, өндөр хөгжилтэй орны иргэдийн нэгэн адилаар хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласнаар ирээдүйнхээ  амьдралын баталгааг хангах  боломж нээгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж