Монголын элсний волейболын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг Тайваний Каошунь хотод энэ сарын 7-9-ний өдрүүдэд болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгэр гуравдугаар байрт эзлэв. Энэхүү тэмцээн 2015 онд болох Азийн ТОП-6 багийн цомын тэмцээнд оролцох эрхийг олгосон бөгөөд манай волейболчид шилдэг зургаагийн өрсөлдөөнд өрсөлдөхөөр шалгарлаа.
Тус тэмцээнд БНСУ, Хонгконг, Тайвань, Макао болон Монгол Улсын нийт 16 багийн 32 тамирчид өрсөлджээ. Спортын мастер С.Амгаабазар, А.Баясгалан нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд спортын мастер Э.Сайханбаатар (“Алтайн барс”), М.Цэрэнбаатар (“Хасу Мегастарс”), хоёрдугаар багт А.Мөнхбаяр, М.Мягмарсүрэн (хоёул “Алтайн барс”) нар тоглож, нийлбэр дүнгээр Тайвань, БНСУ-ын багийн дараа гуравдугаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд ОУХМ С.Пүрэвжаргал, Г.Энхнаран нар (хоёул “Энагурэ”), хоёрдугаар багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Үнэнтуяа, А.Намуун (хоёул “Алтайн барс”) нар тоглож, нийлбэр дүнгээр мөн тэмцээний зохион байгуулагч орон болох Тайвань, БНСУ-ын багийн дараа гуравдугаар байрт оржээ.
Ийнхүү ирэх онд болох Азийн цомын тэмцээнд өрсөлдөх шилдэг зургаан багт Монголын эрэгтэй, эмэгтэй баг багтаж, тивийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болсноо харууллаа.
Сануулахад, Азийн волейболын холбооноос Монголын баг тамирчдад Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцоход нь зориулж 5600 ам.долларын тусламж үзүүлсэн байна.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг www.facebook.com/volleyball.mgl -хуудсаас авав.