Чех улсад болсон “Гадаад оронд бизнес эхлэх нь” сэдэвт уулзалт-семинарт оролцов

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Чех улсад болсон “Гадаад оронд бизнес эхлэх нь” сэдэвт уулзалт-семинарт оролцов

Бүгд Найрамдах Чех Улсын Острава хотноо 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Чехийн үндэсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо – кластер”-ийн зохион байгуулсан “Гадаад оронд бизнес эхлэх нь” сэдэвт уулзалт-семинар болсон бөгөөд Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, Чехийн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг Монголын бизнес эрхлэгчидтэй шууд холбоо харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцлийн талаар мэдээлэл олгох зорилгоор тус улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Чех-Монголын Худалдааны Танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү уулзалт-семинарт “Чехийн үндэсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо – кластер”-ийн гишүүн 17 аж ахуйн нэгж байгууллагын 30 гаруй төлөөлөгч, БНЧУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд Хаёнг Мун болон тус ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд, Чехийн ГХЯ-ны Хоёр талт эдийн засгийн харилцаа, экспортыг дэмжих газрын захирал П.Вавра, Америкийн газрын зөвлөх З.Кубанек болон Острава хотын Уул, уурхайн дээд сургууль-Техникийн их сургуулийн тоног төхөөрөмжийн факультетын декан И.Хлаваты болон БНЧУ-ын Чех-Дорнод Азийн (Зүүн Ази) Худалдааны Танхимын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон байна.

Уг арга хэмжээ нь тодорхой сонгосон орнуудад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тухайн улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар Чехийн бизнесийн хүрээнийхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой байсан бөгөөд Ази (Монгол Улс, БНСУ болон ТУХН-ийн орнууд) болон Латин Америк ба бусад орнууд гэсэн хоёр салбар хэсгээс бүрдсэн болно.

“Азийн орнуудад бизнес эхлэх нь” сэдэвт уулзалт-семинарыг “Чехийн үндэсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо – кластер”-ийн ерөнхий менежер Л.Мравец нээж БНСУ-ын Элчин сайд Хаёнг Мун Солонгос Улс дахь бизнес эрхлэх боломж, техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн талаар мэдээлэл хийсний дараа Элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, Монгол-Чехийн хооронд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны зарим төсөл, хөтөлбөрийн талаар илтгэл тавьж ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Чехийн бизнес эрхлэгчдэд өгч, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын тухай танилцуулга хийж санал солилцлоо.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам мөн тус томилолтын хүрээнд Острава хотноо байрлах “Витковице” төмөрлөгийн үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж