Эрүүл биед саруул ухаан орших сургаалийг дээдэлсэн, дэлхийн чиг хандлага, эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх мэргэжилтэй, бие даан амьдрах чадвартай хүн хүчин бэлтгэхийг эрхэм зорилгоо болгосон "Аварга" дээд сургуулийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан 11-р сарын 7-ны баасан гарагт тус сургуулийн зааланд боллоо. Барилдааныг үзэж сонирхохоор Аварга дээд сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Аварга" дээд сургуулийн захирал Г.Сүхбат, Японы Эрүүл мэнд, спортын их сургуулийн багш, доктор, профессор Рикидо Томикава, МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, менежер С.Гантөр нарын зэрэг хүмүүс хүрэлцэн ирэв.
Жил бүр уламжлагдан болсоор ирсэн сургуулийн аварга шалгаруулах барилдаанд өнөө жил аймгийн арслан Б.Гончигтавхай, аймгийн начин Д.Аззаяа, Д.Бейбит, Ш.Төрмөнх нараар магнайлуулсан аймаг сумын цолтой болон залуу 256 бөх барилдав. Сургуулийн аварга бөхөөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай тодорч, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн начин Д.Аззаяа үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат аймгийн начин Д.Бейбит, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн начин Г.Төрмөнх нар үлдэв.
Эх сурвалж: http://undesniibukh.mn