Т.Санчир: Японы дээд лиг санал ирүүлсэн

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Т.Санчир: Японы дээд лиг санал ирүүлсэн

ЯПОНЫ ДЭЭД ЛИГИЙН БАГ САНАЛАА Д.ДАГВАДОРЖ АВАРГААР ДАМЖУУЛЖ ИРҮҮЛСЭН

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадмын шилдэг наймд шалгарч, манай улсын багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. “Үндэсний супер лиг”-ийн өнгөрсөн улирлын финалын “Үнэ цэнэтэй тоглогч”, ОУХМ Тунгалагийн Санчир Азийн наадамд багийн лидерийн үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн. Тэрбээр оноо авалтаар багаа тэргүүлээд зогсохгүй, оноо авалт, самбараас бөмбөг авалт, эсрэг багаас алдаа авахуулсан үзүүлэлтээр Инчёнд дээгүүр бичигдсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Гэрэл зургийг Э.МАГНАЙБАЯР

-Азийн наадмын шилдэг найман багийн нэг болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Манай сагсан бөмбөгчид дөрвөн жилийн өмнө Гуанжоугийн Азийн наадамд Туркменистан, Узбекистаны шигшээ багийг хожиж, 12 дугаар байрт орж байсан. Энэ удаа шилдэг наймд шалгарах зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. Бид Монголын сагсан бөмбөг гэлтгүй багийн спортод цаашид ямар их боломж байгааг харуулж чадлаа. Бид энэ амжилтаа улам ахиулахын төлөө бүх нөөц бололцоогоо дайчилна. Боломжоо бүрэн ашиглаж алдаа дээрээ ажиллаж чадвал Монголын саг­сан бөмбөгийн түүхэн амжилтыг гаргах боломжтой. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогтын тоглолт бүрт зөв тактик боловсруулж байсан.

-Хэдэн тоглолт хийв?

-Нийт 10 удаа тоглолоо. Бид есдүгээр сарын 16-нд Инчёнд очиж, анхны тоглолтоо дөрөв хоногийн дараа Хонгконгийн шигшээ багийн эсрэг хийсэн. Монголд дасгалжуулагчаар ажиллаж байсан Пак Сен Гён багш бидэнд маш том тус хүргэсэн. Тэрбээр “Том тэмцээний өмнө хоёр тоглолт хийвэл зүгээр байх” гэж зөвлөсний дагуу БНСУ-ын коллежийн хоёр багтай тоглосон. Энэ нь ч зөв байж, бид Хонгконгийн шигшээ багийг хожсон. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт бүх тамирчиндаа ачааллыг тэнцүү өгч, тоглогчдоо хоёр минутын зайтай сэлгэж тоглосон нь үр дүнтэй болсон.

-Дараалж олон тоглоод ядарсан уу?

-12 хоногт 10 тоглолт хийх амаргүй. NBA-гийн тоглогчид ч ийм ачааллыг даахад бэрх. Мэргэжлийн тоглогчид олон тоглоход ачааллаа дийлэхээ байж, бэртэх тохиолдол олон байдаг. Манай залуус эхний таван тоглолтод үнэхээр хурдтай, эрч хүчтэй байсан.Харин шөвгийн наймын тоглолтуудад аргагүй ядарсан.

-Аль тоглолт хамгийн хүнд байв?

-Кувейтийн багтай хийсэн тоглолт хамгийн хариуцлагатай байсан. Шилдэг наймд шалгарсны дараагаас гэвэл БНХАУ, Ираны шигшээ багтай хийсэн тоглолтыг нэрлэнэ дээ.

-Кувейтийн шигшээ багт нэг онооны зөрүүтэй хожигдсон. Хэрэв хожсон бол хэсгээсээ нэгээр гарч, арай сулхан багтай тоглох боломжтой байсан…

-Тийм ээ. Бид хэсгээ тэргүүлсэн бол Япон, Катарын шигшээ багтай нэг хэсэгт тоглох байлаа. Тэднийг сулхан гэж хэлж болохгүй, хоёулаа хүчирхэг баг. Кувейтийн шигшээ багтай хийсэн тоглол­тод ганцхан онооны зөрүүтэй хожигдоход үнэхээр харамсалтай санагдсан. Тэр тусмаа шүүгч үнэхээр алдаатай шийдвэр гаргасан. Биднийг шүүгчийн буруу шийдвэрээс болж хожигдсоныг олон хүн мэдэж байгаа байх.

-Гэхдээ Кувейтээс ур чадвар өндөр Йорданы шиг­шээ багийг хожиж шуугиан тарьсан шүү дээ…

-Йорданы хувьд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны чансаанд эхний 30-д эрэмбэлэгддэг хүчтэй баг. Тэдний эсрэг ёстой л бүх хүчээ шавхсан. Энэ нь бид шөвгийн наймд үлдэх үү, эс үлдэх үү гэдгийг шийдэх чухал тоглолт байсан. Манай багийнхан өрсөлдөгчөө маш сайн судалсны үндсэн дээр талбайн хамгаалалтыг сайжруулах тактик боловсруулж ялалт байгуулсан. Тэдэнд үнэхээр хүнд цохилт болсон байх.

-Та Йорданы шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтын шийдвэрлэх дөрөв­дүгээр үеийн дундуур таван алдаа авч, сэлгээний сандалд суусан. Энэ үед юу бодогдож байв?

-Йорданы тоглогчид нуруулаг байсан болохоор алдаа хийж зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Тухайн үед маш тайван байсан. Манай багт миний байрлалд тоглох чадвартай олон шилдэг тоглогч байсан болохоор хожно гэдэгт итгэлтэй байсан. Бид тоглолт бүрт багийн тоглолт гэж юу байдгийг харуулсан.

-Ираны эсрэг тоглоход яагаад талбайд гараагүй юм бэ?

-Өмнөх өдөр нь БНХАУ-ын шигшээ багт олон онооны зөрүүтэй хожигдсон байлаа. Ираны багт энэ жилийн ДАШТ-д оролцсон бүрэлдэхүүний тэн хагас нь байсан. Тиймээс Иран гэхээсээ илүү Японы шигшээ багийг заавал хожих гол төлөвлөгөөтэй байсан учраас дасгалжуулагч Б.Билгүүн бид хоёрыг тоглуулаагүй.

-Монголын сагсан бөмбөгчдийг Солонгост байгаа монголчууд үнэхээр сайн дэмжсэн нь сайхан санагдаж байв уу?

-Сайхан санагдсан. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монгол­чууд маань сагсан бөмбөгчдөө үнэнчээр дэмжсэн. Бидэнд нутагтаа тоглож байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Биднийг хожсон ч, хожигдсон ч сэтгэл зүрхээрээ дэмжсэн монголчууддаа чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.

-Та Азийн наадамд хэд хэдэн үзүүлэлтээр дээгүүр бичигдсэн байна билээ. Ямар ямар үзүүлэлт вэ?

-Миний хувьд оноо, самбараас бөмбөг авалт, эсрэг багаас алдаа авахуулсан тоо­гоор эхний тавд бичигдсэн. Сагсан бөмбөг багийн спорт учраас хувийн үзүүлэлт төдийлөн сонин биш байна.

-Азийн наадмын өмнө хэр хугацаанд бэлтгэл хийв?

-Өнгөрсөн зун манай шигшээ багийн ихэнх тоглогч АНУ-ын сонирхогчдын “Atlethes In Action” багийн урилгаар нутагт нь 14 хоног бэлтгэл хийсэн. Би явж чадаагүй. Бидний энэ жилийн хамгийн гол тэмцээн Азийн наадам байсан болохоор хавраас хойш тогтмол бэлтгэлтэй байсан.

-Манай сагсан бөмбөг­чид Азийн багуудтай өрсөл­дөхөд нуруу намдаад байгаа харагддаг. Хэрэв хоёр метрээс дээш өндөртэй нэгээс хоёр төвийн тоглогчтой болбол тивдээ дээгүүр өрсөлдөх боломжтой юм шиг санагддаг?

-Санал нэг байна. Манайхан бусад орны сагсан бөмбөгчдөөс байнгын бэлтгэл, нуруугаар дутуу санагддаг. Азийн наадамд тоглосон багууддаа самбарт илт дээрэлхүүлсэн. Түүнээс биш ур чадвараар дутах зүйл байгаагүй. Хятадын шигшээ багт гэхэд хоёр метрээс дээш өндөртэй зургаагаас долоон тоглогч байсан. Бараг хамгаалагчийн байрлалд тоглодог тоглогч нь манай Б.Билгүүнтэй адилхан өндөртэй байх жишээтэй. Хэрэв хоёр метрээс дээш өндөртэй хоёр легионер төвийн тоглогчтой болбол Азийн том багуудтай тэнцүүхэн өрсөлдөх боломжтой. Хятадаас бусад Азийн орнууд ихэнх нь легионер тоглогчтой. Манай улс легионерын асуудлыг хараахан шийдээгүй байгаа.

-Легионер гэснээс сүүлийн үед америк тоглогчид манай лигт олноор тоглох болсон.Энэ нь манай шигшээ багийн амжилтад нөлөөлсөн үү?

-“Үндэсний супер лиг”-т америк легионер тоглогч олноор тоглох болсон нь манай сагсан бөмбөгчдийн амжилтад том түлхэц болсон. Легионерууд Монголын лигт 2011 оноос хойш ирснээр манай сагсчдын ур чадвар үнэхээр дээшилсэн. Сая л гэхэд БНСУ-ын легионер тоглогчийн эсрэг хэрхэн яаж тоглох аргаа бид мэддэг болчихсон байх жишээтэй.

-Танд БНСУ, Японы багаас санал ирсэн гэж дуулсан, үнэн үү?

-Солонгосоос албан ёсоор санал ирээгүй. Харин Японы дээд лигийн нэг баг Асашёорюү Д.Дагвадорж аваргаар дам­жуулж, санал ирүүлсэн тухай дуулсан. Дагваа ахтай энэ талаар хэд хэдэн удаа утсаар ярьсан. Хэрэв ийм санал албан ёсоор ирвэл нөхцөл боломжийг харж үзнэ. Боломжийн санал ирвэл татгалзах зүйл алга. Гэхдээ шийдвэрээ ганцаараа гаргахгүй. Багийн удирдлага, дасгалжуулагч зэрэг олон хүнтэй зөвлөлдөж байж шийднэ.

-Таныг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Гурван тамир” багт 45 сая төгрөгөөр худалдагдаж очсон тухай мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Ташаа мэдээлэл.Мэдээж тодорхой хэмжээний цалингийн гэрээ байгуулсан. Миний “Хасын хүлгүүд” багтай байгуулсан жилийн гэрээ энэ жил дуусгавар болсон. Тиймээс Баянгол дүүргийн “Гурван тамир” багт тоглохоор шийдвэрлэсэн. Тэгээд ч би Баянгол дүүргийн унаган хүүхэд.

-Шинэ багийнхантай ойлголцоход хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Манай багийн ихэнх тоглогч өнгөрсөн жил ОХУ-ын Казань хотод болсон “Универсиад” наадамд надтай хамт оролцсон. Тиймээс ойлголцоход хүндрэл гарахгүй болов уу. Багийн ихэнх залуус удахгүй Тайваньд болох оюутны Азийн АШТ-д оролцоно. Тэндээс ирсний дараа шинэ багийнхантайгаа лигийн бэлтгэлээ хийж эхэлнэ.

-“Гурван тамир” баг энэ жил хэдэн легионер авах вэ?

-МҮСБХ саяхан АНУ-д легионерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Тухайн сонгон шалгаруулалтад оролцсон зарим тоглогчид Монголд ирээд байгаа. Багууд ямар байрлалд легионер тоглогч авах саналтай буйгаа бэлтгэлийн явцаас харж байгаад сонгоно. Манай баг нэгээс хоёр легионер тоглогч авах байх.

-Өнгөрсөн жил анх удаа лигийн аварга болсон. Тухайн үед төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Би 2007 оноос лигт тоглож, өнгөрсөн улиралд анх удаа лигийн аварга болсон. 2007 онд “Ёлууд”, 2012 онд “Хүлгүүд” багт тоглож байхдаа мөнгө, 2008, 2010 онд хүрэл медаль авч байлаа. Лигт тоглосноос хойш аварга болохыг их мөрөөдсөн, зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байгаа.Олон жил сагсан бөмбөг тоглосны үр дүнд лигийн аварга болно гэдэг сайхан.Багийн хамт олон, багш, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч гээд олон хүний хүчээр лигийн аварга болсон доо.

-Анх лигт тоглоход ямар байв?

-Намайг анх лигт тоглодог жил манай ХҮДС-ийн “Ёлууд” баг тун хүчирхэг байсан. Аваргын төлөө “Харцага” баг­тай өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байлаа. “Харцага”-т ОУХМ Т.Түвшинбаяр, Б.Пүрэв­дорж ах нар тоглож байсан. Лигт тоглоход бэлтгэлийн ачаалал маш өндөр, өндөр ур чадвартай тоглогчтой нүүр тулж, дээд лиг, оюутны лигийн хооронд асар их ялгаа байдгийг мэдэрч, бэлтгэлээ улам сайн хийх ёстойг ойлгосон. Хоёр дахь жилээсээ лигт үндсэн бүрэлдэхүүнд гардаг болсноор бэлтгэлийг илүү үр дүнтэй хийдэг болсон.

-ХҮДС-иас олон шилдэг сагсан бөмбөгч төрсөн. Энэ бүхэн сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалтай салшгүй холбоотой. Багштайгаа хэрхэн холбогдсон бэ?

-Би Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийг төгс­сөн. Наймдугаар ангиасаа сургуулийнхаа сагсан бөмбө­гийн секцэнд орж, спортын мастер М.Мэндсайхан агсны удирдлага дор хичээллэсэн. Дунд сургуулиа төгсөөд “Отгонтэнгэр” их сургуульд урилгаар орсон. Оюутны лигт манай сургуулийн баг ХҮДС-ийн эсрэг тоглосон юм. Тэр тоглолтын дараа Ц.Цэвэрбал багш маань надад өөрийнхөө багт орох саналыг тавьснаар багш, шавь болсон доо.

-Сэтгэлээс гардаггүй тоглолтоо нэрлэхгүй юу?

-Өнгөрсөн жилийн “Универсиад” наадамд Японы багтай хийсэн тоглолт сэтгэлд тод үлдсэн. Дөрөвдүгээр үе өндөр­лөхөөс есөн секундийн өмнө оноо 72:72 болж тэнцсэн байлаа. Бид сүүлчийн довтолгоог хийх эрхтэй. Би цаг дуусахтай зэрэгцэн холын зайн шидэлтээ амжилттай болгосноор манай баг шөвгийн 16-д шалгарч билээ. Тэр тоглолт санаанаас гардаггүй. Казаньд манайхан БНСУ-ын шигшээ багийн хамт Азиас шөвгийн 16-д шалгарч байсан юм.

-Үе үеийн сагсан бөмбөгчдөөс хэнийг дэмждэг байв?

-Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ Т.Түвшинбаяр, М.Отгонбаяр ах нарын тоглолтыг их харж, сагсан бөм­бөгийн спортыг анх мэдэрсэн. Дээд үеийнхнээ хүндэлж явдаг.

-Шигшээ багийн тоглогч­доос хэнтэй сайн ойлголцдог вэ?

-Нэг зорилгын төлөө зүтгэж байгаа болохоор бүгдтэй нь ойлголцохыг хичээдэг. Гэхдээ Б.Билгүүнтэй илүү сайн ойлголцдог юм болов уу. Түүнтэй хамт “Баянзүрх Буллз”, “SBL Хасын хүлгүүд”-д тоглож байсан.

-“ТВ-5” телевизээс зохион байгуулсан загварын шоу нэвтрүүлэгт оролцож байс­ныг чинь санаж байна. Өмнө нь загвар өмсч байв уу?

-Манай найз Хишигбат оюутан байхдаа “Эра” төвд загвар өмсдөг байсан. Д.Мөнх­түвшин бид хоёр нэг удаа очиж загвар өмсч үзсэн юм. Миний сонирхлыг татаагүй. Харин өнгөрсөн хавар “ТВ-5” телевиз тамирчдын заг­варын шоу нэвтрүүлэгт оролцох санал тавьсан. Тэгээд өөрийгөө сорихоор шийдсэн. Тухайн нэвтрүүлэгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ж.Чулуунбат, мотоспортын ОУХМ Д.Болдбаатар, кикбоксчин Ц.Амарбаясгалан ах нарын хамт оролцсон.

-Таны хобби юу вэ?

-Чөлөөт цагаараа спортоор хичээллэх дуртай. Усанд сэлнэ, найзуудтайгаа хамт кибер спорт тоглоно.

-Ямар авьяастай вэ?

-Авьяас гээд сүртэй юм байхгүй.Сонирхдог зүйл гэвэл гитар байна. Сайн тоглохгүй ч суралцаж байгаа. Чөлөөт цаг гарвал оролдоно оо.

-Хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан юм уу?

-Гуравдугаар ангид байхдаа Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд агсны “Хангай” клубт жил гаруй хичээллэсэн. Тухайн үед манай секцэнд Д.Лхагвадорж, Б.Батзориг, ихэр Д.Гомбодорж, Д.Түгждорж, Ц.Оюун­болд, С.Ган­баяр гээд мундаг тамир­чид хичээллэдэг байлаа.

-Тэмцээнд оролцож байв уу?

-Олон тэмцээнд оролцоогүй. Олимпийн аварга Жон Петер­соны нэрэмжит өсвөр үеийн тэмцээнийн 52 кг-д барилдаж, нэг ялж байлаа. Өндөр, туранхай хүүхэд байсан. Тухайн үед манай жингийнхэн надаас тав, зургаан насаар ах хүүхдүүд байсан.

-Үндэсний бөх үздэг үү?

-Монголын бөхийн өргөөнд очиж үздэггүй ч улсын баяр наадам, цагаан сар гээд том барилдааныг зурагтаар үзнэ ээ.

-Бөх найз олон уу?

-Аймгийн харцага Б.Төр­магнайтай дотно. Тэр өмнө нь ХУИС-ийн оюутны шигшээ багт тоглож байсан юм. Төр­магнайтай, улсын арслан Н.Бат­­суурь, улсын начин Б.Заяаман­дах тэргүүтэй бөхчүүд сайн найз. Би тэдэнтэй холбоотой байдаг.

-Багийнхантайгаа болон найз нөхөдтэйгөө барилддаг уу?

-Багийнхантайгаа бэлтгэ­лийн үеэр барилдах боломжгүй. Харин найз нөхдөөрөө амралт зугаалгаар явж байхдаа хааяа хөлсөө гаргана аа. Ер нь өгөө аваатай үзнэ.

-NBA-гийн шинэ улирал удахгүй эхэлнэ. Ямар баг дээгүүр өрсөлдөнө гэж таамаг­лаж байна вэ?

-Сагсан бөмбөг сонирхсоноос хойш “Лос-Анжелес Лейкерс” багийг дэмжсээр ирсэн. Тоглолтыг нь алгасахгүй үзэхийг хичээдэг. Шинэ улирал олон сонирхолтой тоглолтоор дүү­рэн болох байх. “Кливлэнд Кавальерс” олны анхаарлын төвд байгаа, сайн ч тоглох байх. Мөн “Миннесота Тимберволвес”-ийг нэлээд дээгүүр өрсөлдөх болов уу гэж таамаглаж байна.

Б.БАТ

Эх сурвалж: “СПОРТЫН ӨНГӨ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж