Берлиний ханыг нураасны 25 жилийг ойн өдөр өнөөдөр тохиож байна
Германы нийслэл Берлин хотыг хоёр хэсэгт хуваасан “Берлиний хана”-ыг нураасны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бол Зүүн, Баруун Герман нэгдэж, “Хүйтэн дайн” төгссөн өдөр гэдгээрээ Герман төдийгүй дэлхий нийтийн хувьд чухал тэмдэглэлт өдөр юм.
Германы Засгийн газар “Берлиний хана”-ыг нураасны 25 жилийн ойг арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн гурван өдрийн хугацаанд ёслон тэмдэглэлээ.
Зүүн Германд өссөн одоогийн канцлер Ангела Меркель “Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Учир нь би энэ эрх чөлөөг 35 жил хүлээсэн” хэмээн ойн ёслолын үеэр онцлон тэмдэглэжээ.
Герман даяар тэмдэглэж буй баярын хүрээнд алдартай дуучид, хөгжимчдийн концерт, төрөл бүрийн үзвэр, үзүүлбэр, ёслолын арга хэмжээ болж байна.
ХХ зууны үеийн “Хүйтэн дайн”-ы бэлэг тэмдэг “Берлин хана”-ыг 1961 оны 8 сарын 13-ны өдөр барьж эхэлжээ. Харин 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд Зүүн Германд коммунист дэглэм нуран унахтай зэрэгцэн ханыг нурааж эхэлсэн юм.
Берлины хана нь эхэндээ 45 км урт байсан ч үргэлжлүүлэн барьсаар 160 км урттай болжээ. Берлиний ханыг барьж эхэлсэн он жилүүдэд Зүүн Германаас ойролцоогоор 2-3 сая гаруй хүн баруун Германд дүрвэж очсон байдаг. Тухайн үед Берлин хотын дундуур хана босгож байгааг эсэргүүцсэн олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан Барууны орнууд болон Холбооны Герман улсад өрнөсөн боловч ямарч үр дүнд хүрээгүй байна. Харин ч Зүүн Германы эрх баригчид Берлины ханаас хойш 500 метр үргэлжилсэн “хориотой бүс” бий болгож, замд нь байсан бүх байшин байгууламжийг нурааж байжээ. 300 гаруй харуулын цамхгийг босгож, зарим хэсгийн талбайг минажуулж байсан гэх ч түүх бий.
Харин өдгөө “Берлин хана”-ны найман км ханыг дурсгал болгон үлдээснийг жуулчид одоо ч олноороо очиж үзсээр байна. Өнөөдөр тохиож буй 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан канцлер Ангела Меркель нарын Германы өндөр дээд албан тушаалтнууд, энгийн иргэд дурсгалын ханыг зорин очжээ.
Б.АНХ