Дэлхийн аливаа хэлэнд нэвтэрсэн үгийн гарал үүслийн түүхийг онгичих нь зугаатай. Тэр дундаа зохион бүтээж, үймээн самуун дэгдээсэн эсвэл хүмүүнлэгийн ажил эрхэлж, аялж, нэг ёсны бусдад гүн сэтгэгдэл төрүүлж чадсан тэдний нэр тухайн юмс үзэгдлийг илэрхийлэх тэмдэг үг болон үгийн санд нутагшдаг. Мэдээж суутнуудын нэрээр нэрлэсэн нээлтүүд, онолыг бол бид бишгүй мэднэ. Харин тэр болгон мэддэггүй хүний нэр тэмдэг үг болон хувирсан 12 жишээг дор дурдья. Өөр олон жишээг бий байх, хуваалцаарай залуус аа.
Бойкот — британийн илжиг шиг зөрүүд зантай цэргийн ахмад Charles Boycott (1832–1897) чөлөөнд гармагцаа эдлэн газар худалдан авч, газраа ирландчуудад өндөр үнэтэй түрээсэлж, төлбөрөө төлж чадаагүйг нь дарамталж, “үнээ бууруулаач” гэсэн хүсэлтийг нь үл тоодог байсан тул фермийнх нь ажилтнууд ажлаа хаяж, хашаа хороог эвдэн мал оруулж, шуудан захидлыг нь хүргэж өгөхгүй, гудамжинд араас нь шүгэлдэж, нүүрээ хийх газаргүй болтол нь нийгмээс тусгаарлаж чадсанаар хоёр сарын дараа Бойкот гэх үг мэндэлжээ.
Кардиган — даргар цэргийн дүрэмт хувцсаа дулаан болгохын тулд дотроо өмсч болох гурвалжин хошуутай ноосон цамцыг зохиосон Кардиган гүнлигийн 7 дахь гүн генерал Жеймс Томас Браднеллаас гаралтай.
Шовинизм —Наполеоны байлдан дагуулал, хувьсгалын үед армид нь зүтгэдэг байсан Nicolas Chauvin гэгч цэрэг эр хожим эзэн хаанаа хаан ширээнээс унаж, нэр хүнд нь навс уначихаад байхад нь хүртэл үнэнч фанат нь байж, бусдын доог тохууг үл тоон үнэнчийн билиг тэмдэг болох нил цэцгийг энгэртээ зүүдэг байсан гэх нотлогдоогүй ярианаас үүдэлтэй. Шовинизм нь бид бусдаас илүү гэх дээрэнгүй үзлийг илэрхийлдэг.
Баатм — цагаан өнгөтэй, дээд зэргийн чанартайн дээр зузаан энэхүү цаасыг 1750-аад оны дундуур анх бий болгосон английн цаас үйлдвэрлэгч James Whatman-ы нэрнээс үүссэн.
Кальпи — анх морьтон цэргүүдэд зориулан нэвтрүүлсэн францын генерал Gaston Alexandre Auguste de Galliffet (1830–1909)-ийн нэрээр кальпи өмдийг нэрлэсэн. Сүүлд кальпи өмд нь цэргийн хувцасны загвар болж хувирсан.
Гуппи — 1886 онд английн санваартан, эрдэмтэн Robert Guppy хатан хааны нийгэмлэгийн өмнө “Түрсээ шахдаг загаснаас гадна амьд жараахай төрүүлдэг загас байдаг тухай” илтгэл тавихад түмний элэг доог болсон түүхтэй. Амьд жараахай төрүүлдэг цэнгэг усны загасыг олон улсад түүний нэрээр нэрлэх болжээ.
Гильотин — Францын хувьсгалын үеэр өдөрт 60 гаруй хүний толгойг авч байсан яргачин ихэд цуцаж байсан тул ажлыг нь хөнгөвчилөхөөс гадна ялтануудын толгойг хавьгүй хүнлэг аргаар авах төхөөрөмжийг эмч Joseph-Ignace Guillotin санал болгосон гэдэг. Эрлэсэн төмрийг толгой дээр нь унагадаг төхөөрөмжийг олон улсад ийн нэрлэдэг юм байна.
Наполеон торт – Францын эзэн хаан Наполеон Бонапарт энэ төрлийн амттанд ихэд дуртай байснаас ингэж нэрлэжээ.
Мазохизм — сул дорой эрчүүдийг захирах эмэгтэйчүүдийн тухай хэдэн роман бичсэн австрийн зохиолч Leopoldu von Sacheru-Masochu (1836–1895) нэрнээс үүдэлтэй.
Саксофон — хөгжмийн зэмсэг зохион бүтээгч Adolfe Sax (1814–1894)-ын нэрнээс үүдэлтэй. Жааз хөгжим энэ үед үүсээгүй байсан юм чинь, Сакс ядуу тарчиг амьдран нас барсан нь арга ч үгүй биз дээ.
Сэндвич —John Montague буюу 4-р гүн Sandwich (1718–1792) олонд нэртэй, гарамгай төрийн зүтгэлтэн байсан ч мөрийтэй тоглоомд бузгай дуртай нэгэн байж. Хэдэн цагаар үргэлжлэх тоглоом нь хоол идэх зав ч өгөхгүй байсанд гүнтэн хоёр талхан завсар хоолыг нь хавчуулаад өгөхийг хүссэнээс үүссэн. Сонирхол нэгт найзууд нь ч бас таалж, талхыг “сэндвич” маягаар захиалах болсон.
Мансард — 17-р зууны үеийн архитекторч François Mansart дээврийн хонгилыг өрөө болгон хувиргасанаас хойш ийн нэрлэх болсон.
Бэлтгэсэн: Ү.Дуламсүрэн
Эх сурвалж: mi3ch.livejournal.com