“Хонхны баяр”-аар гэрийн багштай болцгоов

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

“Хонхны баяр”-аар гэрийн багштай болцгоов

Булган аймгийн сургуулиуд анги дэвших, сургууль төгсөх сурагчид, эцэг эхчүүдийн хүсэн хүлээж байсан “Хонхны баяр”-ын арга хэмжээг аймгийн Засаг даргын гаргасан “Төгсөлтийн арга хэмжээний тухай” захирамжийн дагуу “Эрдмийн баяр” уриан доор зохион байгууллаа. Аймгийн хэмжээний 24 сургуулийн 2,5 мянга гаруй суралцагчдаас энэ хичээлийн жилд 1,6 мянга гаруй нь тав, ес дүгээр анги төгсөн боловсролын тогтолцооны бага болон суурь боловсролын гэрчилгээ гардан авах гэж байгаа бол 760 гаруй нь арваннэгдүгээр ангиа төгсөн  үүрнээсээ нисэн одох шувууд адил их, дээд сургууль, ажил хөдөлмөрйин талбар луу одоцгоох болно. Аймгийн төвийн сургуулиудын хамт олон өөрсдийн онцлогийг илэрхийлсэн туг далбааг барин эрдэм ном, үерхэл нөхөрлөл, сурагч ахуйн дурсамжтай дууг хоолой нийлүүлэн дуулсаар улсын баатар С.Лхагвадоржийн талбайд цуглаж хичээлийн жилийнхээ амжилтаар бахархаж бас сурталчлах арга хэмжээг зохион байгуулав. Төгсөлтийн арга хэмжээний нэгдсэн цуглаан дээр аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Хонхны баяр”-аа хөөр баяраар бялхуулан хийцгээх гэж байгаа төгсөгчдийн эцэг эхчүүд болон сурагчид  хүсэн хүлээж байсан энэхүү баяраа дэг журамтай, өргөн сайхан зохион байгуулахыг уриалж удахгүй болох их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилттай дүн үзүүлэхийг уриаллаа.  Нэгдсэн арга хэжжээн дээр өнгөрч байгаа хичээлийн жилд сурлага, урлаг спортоор амжилт гаргаж улс аймгийн  уралдаан тэмцээн, олимпиадад шалгарсан сурагчдын төлөөлөл, зарим багш, сурган хүмүүжүүлэгч нарт холбогдох байгууллагуудын шагнал гардуулав.

Түүнчилэн УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн туслах Баттулга сургууль төгсөгчдөд баяр хүргээд сургуулиудын захирал нарт боодолдтой багц зүйлийг хүндэтгэлтэйгээр өгсөн нь “Гэрийн багш” гэсэн нэртэй CD байв. Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад орох сурагчид математаар бэлтгэхэд туслах зүйлийг тийнхүү эмхэтгэн бэлэглэжээ. Сурагчид хамтран гаргаж хамтран ашиглана. Мөн хуулан хувилж аваад гэр гэрийнхээ компьютерээр гарган хэрэглэж байна. Ийнхүү “Хонхны баяр”-ын үеэр тус аймгаас их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад математикаар бэлтгэх хүүхдүүд “Гэрийн багш”-тай болж давхар баяр боллоо

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж